Христийн шашны гаж урсгалуудын нэг гэгддэг "Jesus Morning Star"-ийн удирдагч Жон Мён Сог бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан, өнгөрсөн оны 12 дугаар сард 23 жилийн хорих ял сонссон. Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ долоо хоногийн лхагва гарагт болсон бөгөөд түүний ялыг бууруулж 17 жил болгожээ.
Шүүгчийн зүгээс нотлох баримт алдаатай, хуулийн зүйл заалтыг буруугаар ашигласан зэрэг үндэслэлээр ийнхүү ялыг нь бууруулсан байна.
Тэрээр 2001-2006 оны хооронд дөрвөн эмэгтэйд удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан шүүхээс 10 жилийн хорих ял сонссон. 2018 онд шоронгоос суллагдсан Жон Мён Сог 2018-2021 оны хооронд Өмнөд Солонгос нэг, гадаадын харьяат хоёр эмэгтэйд нийт 23 удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогджээ.
Өөрийгөө Мессиа буюу Есүсийн хоёр дахь дүр хэмээн нэрлэдэг Жон хэд хэдэн итгэгч эмэгтэйг хүчирхийлж, JMS-ээс мөнгө завшсан хэргээр 10 жил шоронд хоригдсоны эцэст 2018 онд суллагдсан. Түүнийг суллагдсаны дараа шашны удирдагчийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэд хэдэн хэрэг ил болсон бөгөөд Жон болон бусад гурван шашны удирдагчийн үйлдсэн гэмт хэргийн тухай өгүүлсэн баримтат кино "Netflix"-ээр цацагдаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )