Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахыг Изриалаас шаардав

2024 оны 10 сарын 18

Израилын тал Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах арга хэмжээ авах ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар мэдэгдэв. “Газын зурваст хүмүүнлэгийн байдал дордсоор байгаад АНУ-ын Засгийн газар санаа зовниж байгааг илэрхийлж байна. Энэ эмгэнэлт байдлыг өөрчлөхийн тулд Израилын Засгийн газраас энэ аравдугаар сард яаралтай, тууштай арга хэмжээ авахыг шаардаж байна" гэж Төрийн Департаментын тэргүүн Энтони Блинкен,  Пентагоны тэргүүн Ллойд Остин нар Израилын талд аравдугаар сарын 13-ны өдөр бичсэн захидалдаа онцолжээ. Тэдний захидлыг “Axios” мэдээллийн цахим хуудасны сэтгүүлч олон нийтийн Х сүлжээнд мягмар гарагт нийтэлсэн байна.  Газын зурваст энгийн иргэдэд хоол хүнс, ус, эм тариа, тусламж хүргэхтэй холбоо бүхий нөхцөл байдал хүндэрсээр буй энэ үед Израилын цэргүүд тус зурвасын хойд хэсэгт ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ.

Израил улс Газын зурвас дахь Палестины энгийн иргэдэд тулгарч буй гамшгийг яаралтай зогсоож, тусламж хүргэхийг хязгаарлах ажиллагаагаа зогсоох ёстойг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.

Дээр дурдсан захидалд Израилын талын 30 хоногийн дотор хийх ёстой тодорхой алхмуудыг дурдаж, өдөрт хамгийн цөөндөө хүмүүнлэгийн тусламж ачсан 350 ачааны машиныг Газын зурвас руу нэвтрэхийг зөвшөөрөх, тусламжийг хүргэхийн тулд байлдааны ажиллагаанд завсарлага авах, Палестины энгийн иргэдийг шаардлагагүй үед нүүлгэн шилжүүлэх тушаалыг цуцлах зэргийг багтаажээ.

Өмнө нь Америкийн талаас Израилын цэргүүд Газын зурвас дахь цэргийн ажиллагааны үеэр АНУ-ын нийлүүлсэн зэвсгийг ашиглан олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй талаар мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top