“АНУ-ын эрх баригчид Венесуэлийн төр засгийг солихын тулд Америкийн зэвсэгт хүчнийг ашиглах бодолгүй байна. Гэхдээ тус улсад болсон сонгуулиар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг АНУ хүндэтгэх ёстой. Энэ байр сууриа ч шийдвэр төгс баримтлах учиртай. Тийм ч учраас бид хориг арга хэмжээ нэвтрүүлсэн” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрис телевизийн Telemundo сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын төрийн тэргүүний сонгуульд ялагдсан хэмээн үзэж байгаагаа АНУ-ын дэд ерөнхийлөгч илэрхийлжээ. Венесуэлд долоодугаар сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро сонгогчдын 51,95%-ийн саналаар ялалт байгуулсан юм. Харин сөрөг хүчнээс нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Сонгуулийн дараагийн өдөр Венесуэлийн нийслэл болон бусад хотод барууны хэт давруу үзэлтнүүд үймээн дэгдээж, цэрэг, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн юм. Энэ үймээнийг АНУ өдөөн хатгасан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн билээ.
Сонгуульд ялалт байгуулсан Николас Мадуро-д Орос, Боливи, Хондурас, Иран, Хятад, Куба, Никарагуа, Африкийн улсууд баяр хүргэсэн бол түүний ялалтыг Аргентин, Доминикан, Коста-Рика, Панам, Перу, АНУ, Уругвай, Чили болон Европын Холбооны зарим улс хүлээн зөвшөөрөөгүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )