Бооцоо тавьсан тусгай албаны алба хаагчийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-д Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эрх мэдлээс буулгана гэж бооцоо тавьж, 409 мянган ам.доллар хожсон цэргийн тусгай ангийн алба хаагчийг баривчилжээ.

АНУ-ын хууль зүйн яамны мэдээлснээр, Гэннон Кен Ван Дайк гэгч Мадурог саатуулах тусгай ажиллагаанд бэлтгэж байгаа нууц мэдээлэлтэй байсан бөгөөд үүн дээр үндэслэн Polymarket таамаглалын бирж дээр бооцоо тавьж, хууль зөрчжээ.  Тэрбээр Polymarket платформ дээр данс нээж, нэгдүгээр сарын сүүл гэхэд Мадуро Ерөнхийлөгч байхаа болино гэж 32 мянган ам.долларын бооцоо тавьсан байна. Тэр нийт 13 удаа бооцоо тавьсан бөгөөд АНУ-ын Венесуэлд явуулсан ажиллагаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө мөн бооцоо тавьж, нийт 400 мянган ам.доллар хожжээ.

Ван Дайк нь Мадурог баривчлах тусгай ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд оролцож байсан болохыг Прокурорын газраас мэдээлсэн байна.

АНУ-ын хүчнийхэн Каракаст тусгай ажиллагаа явуулж, Николас Мадурог эхнэрийн хамтаар энэ оны нэгдүгээр сарын 3-нд барьж, Нью Йоркт аваачаад байгаа билээ. Түүнд зэвсэг, хар тамхины хууль бус наймаа хийсэн хэрэг тулгаад байна.

Polymarket бирж энэ талаар тайлбар өгөхдөө засгийн газрын нууц мэдээлэлд тулгуурлан бооцоо тавьж байсан хэрэглэгчийг илрүүлж, хууль зүйн яаманд мэдээлэн, хамтран ажиллажээ.

Цэргийн алба хаагчдыг үүргээ аюулгүй бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэх боломжоор хангах үүднээс нууц мэдээлэл өгдөг. Тэд маш нууц мэдээллийг өөрийнхөө санхүүг зузаатгахын тулд ашиглахыг хориглодог гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш онцолжээ. Зөгнөл, таамаглалын зах зээл нь харьцангуй шинэ үзэгдэл хэдий ч холбооны хууль  бүрэн үйлчилдэг гэж тэр тодруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эл явдлын талаар тодруулахдаа дэлхий дахин ямар нэгэн утгаар казино болж хувирсан харамсаж буйгаа илэрхийлжээ. “Дэлхий даяар бооцоо тавьдаг болж, Энэ нь надаа хэзээ ч таалагдаж байгаагүй” гэж Трамп мэдэгджээ.

AFP агентлагийн мэдээллээр, АНУ, Израилтай хамтран Ираны эсрэг дайн эхлүүлэхээс өмнөхөн зургаан эккаунт Polymarket платформ дээр мөргөлдөөн хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж бооцоо тавин, нийт 1.2 сая ам.доллар хожиж байжээ. Үүнтэй холбогдуулан хэнийг ч саатуулаагүй байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчидтай холбоотой хүмүүс оролцсон гэх нотлох баримт одоогоор байхгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top