Арабын хаант улсууд сансрын хөтөлбөр эрчимтэй хөгжүүлж байна. Ингэснээр тэд технологийн их гүрэн гэдэг статустай болохоос гадна бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болох боломжтой болно. Гэхдээ тэдэнд илүү туршлагатай тоглогчдын дэмжлэг шаардлагатай. Персийн булангийн орнуудын сансар судлалын салбарт ноёрхохын төлөөх ширүүн өрсөлдөөн БНХАУ, АНУ-ын хоёрын дунд болж байна. Энэхүү өрсөлдөөн цаашид улам ширүүсэх хандлагатай байгаа бөгөөд тус хоёр тоглогч, өмнө нь байсан “боловсон эрчүүдийн эн тэнцүү өрсөлдөөн”-ийг үгүй хийнэ гэж ажиглагчид үзэж байна.
Нялхуудын амбиц
Хэдийгээр Арабын хойгийн орнууд Европ, Зүүн Азийн орнуудыг бодвол хамаагүй хойно буюу дөнгөж 2010-аад оны эхээр “өвчилж” эхэлсэн ч сансар огторгуйг эзэмших хүсэл нь богино хугацаанд арабын хаант улсуудын нэн тэргүүний зорилго болоод байна. Аравхан жилийн дотор эдгээр улс “анхлан сурагч”-ийн ангиллаас өрсөлдөөний бүрэн эрхт оролцогч болж, шат ахиж чаджээ.
2024 он гэхэд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейн зэрэг Персийн булангийн дор хаяж гурван улсад шинжлэх ухааны болон ашгийн төлөөх сансрын хөтөлбөрийг хариуцсан тусгай агентлагууд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Харин тус бүс нутгийн бусад улс орнуудын хувьд энэхүү салбарыг төрийн хоёр болон түүнээс дээш тооны байгууллагууд хариуцан ажиллаж байгаа юм.
Сансар судлалын салбарт бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс хоёр чимээгүйхэн өрсөлдөж байна. Ингэхдээ Абу Даби хамгийн том “сансрын” төсөв, сансрын хөтөлбөрийн хамгийн хурдацтай боловсруулалт, сансрын чиглэлийн хамгийн олон тооны судалгааны төв гэсэн хэд хэдэн номинацид нэгэн зэрэг өрсөлдөж байгаа бол Эр Рияд үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийн шинэчлэлд төсөвлөсөн зардлын хэмжээ болон сансар судлалын салбарт байгуулсан түншлэлийн гэрээний тоогоор толгой цохих боломжийг атгажээ. Үүний сацуу Саудын Араб 2023 онд арабын орнуудаас хамгийн түрүүнд эмэгтэй сансрын нисэгчийг сансарт нисгэсэн билээ.
Арабын гүрнүүдийн амбиц дэлхийн тойрог замаас цааш халина. Тухайлбал, АНЭУ нарны аймгийн иж бүрэн судалгаанд найдвар тавьж байна. 2021 онд Эмирт Улс Сугар гарагийн тойрог зам дахь астероидуудыг судлах цуврал төсөл эхлүүлсэн тухай зарлаж байсан бол үүнээс нэг жилийн өмнө Ангараг гараг руу “Al Amal” сансрын хөлөг амжилттай хөөргөсөн билээ. АНЭУ урт хугацааны “луужин” болгож, 2117 онд Ангараг гараг дээр байнгын үйл ажиллагаатай станц байгуулахад оролцох төлөвлөгөөгөө танилцуулж байв. Шинэ гарагсыг эзэмшихээр зорьж буйгаа Оман мөн мэдэгдсэн. Тус улс 2018 онд Ангараг гараг руу ирээдүйд гүйцэтгэх олон улсын нислэгийг загварчлах зорилгоор газар нутгаа ашиглуулахаар болсон.
Персийн булангийн орнуудын энэхүү идэвх зүтгэл сансрын зах зээлийн томоохон тоглогчдын хараанд өртөж, бүс нутгийг өрсөлдөөний боломжит талбар болгож байна. Энэ талбарт БНХАУ, АНУ хоёр бусдаас түрүүлж “хөгжим тоглож” эхэлжээ. Ойрх Дорнодын бүс нутгийн орнуудын сансар судлалын салбарын хөгжилд Оросын нөлөө ч мөн их. 2019 онд Эмирт Улсын анхны сансрын нисэгч Оросын пуужингаар ниссэн. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээний улмаас Москвад тус бүс нутгийн төслүүдэд оролцоход хялбаргүй байгаа.
Сансрын уудам дахь боловсон эрчүүд
Арабын хаант улсуудтай гэрээ байгуулахын төлөөх тэмцэл АНУ, БНХАУ хоорондын сансрын шинэ өрсөлдөөний нэг хэсэг болоод байна. Гэтэл удаан хугацааны туршид Бээжин, Вашингтоны хооронд нэг төрлийн “боловсон эрчүүдийн зөвшилцөл” байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл бүс нутаг дахь хоёр том их гүрний нөлөөний хүрээгээ чимээгүйхэн татсан. Үүнд мөн сансрын өрсөлдөөн орж байсан. Бээжин эрдэм шинжилгээ, иргэний санаачилгын хөгжүүлэлтэд анхаарлаа төвлөрүүлж, харин Вашингтонд арабын хаант улсуудын стратегийн холбоотны хувьд цэргийн бүрэлдэхүүн хэсэг нь оногдоно гэж үздэг байв. Харин хувийн хэвшлийн сансрын салбарыг эрх тэгш өрсөлдөөний салбар гэж тооцдог байлаа.
Гэтэл сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ-ын хооронд харилцаа хурцадсанаар Ойрх Дорнод дахь тэдний өрсөлдөөн ширүүсэхэд хүрээд байна. Талууд урьдын боловсон тохиролцоогоо нэлээн хурдан мартав. 2022 оноос эхлэн Бээжин арабын хаант улсуудын сансрын төсөл дэх оролцоогоо технологи нийлүүлэгч, хөрөнгө оруулагчийн хувиар ихээхэн өргөжүүлэх болов. Түүнчлэн, Хятад улс алдарт “Шинэ Торгоны зам” брэндээ ашиглан, булангийн орнуудад сансрын дэд бүтэц хөгжүүлэх гэрээ байгуулж эхэлжээ. Гэтэл энэ салбарыг Вашингтон сансрын “цэргийн” салбар гэж үздэг. Үүний сацуу Бээжин, Вашингтоны тус бүс нутаг дахь гол түнш болох АНЭУ, Саудын Арабтай дотносож эхэлсэн нь Цагаан ордныг хилэгнүүлж байна.
АНУ ч зүгээр хараад суусангүй. Бээжинг тус бүс нутгаас шахан гаргахын тулд Вашингтон өөрт байгаа улс төрийн хөшүүргээ ажиллагаанд оруулсан. Тухайлбал, Саудын Арабтай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний шинэ төсөлдөө Хятадын зарим компанийн үйл ажиллагааг хязгаарлах заалтыг чимээгүйхэн тусгажээ. Ижил төстэй заалтуудыг Вашингтон, тус бүс нутгийн бусад түншүүдтэй хийх гэрээ хэлцэлдээ оруулах магадлал өндөр.
Үүнтэй зэрэгцэн Цагаан ордон Дундад улсыг сансрыг санаатайгаар цэрэгжүүлж байна хэмээн байнга буруутган, “Artemis” сарны хөтөлбөр зэрэг санаачилгаа Бээжингийн бодлоготой сөргүүлэн тавьсаар байна. Ийм тактик нь нэг талаас, АНУ-ын хувьд сансрын дипломат бодлогодоо анхаарал татах, нөгөө талаас Хятадын ижил төстэй төсөлд Арабын түншүүдийнхээ оролцоог хязгаарлах зорилготой.
Түүнчлэн, Нэгдсэн Улсын сансрын салбар дахь ашиг сонирхлыг хувийн компаниуд идэвхтэй дэмжиж байна. Тэд булангийн орнуудад зорилтот төслийг хөгжүүлэх чиглэлд Вашингтоны нөлөөг шууд бусаар хангаж байгаа юм. Үүний тод жишээ нь “SpaceX” компани. Тус компани 2023 онд Саудын Арабд олон улсын сансрын станц руу сансрын нисэгчдээ илгээхэд нь тээвэрлэгч пуужин нийлүүлсэн бол 2024 онд АНЭУ-д дэлхийн тойрог замд хиймэл дагуулаа гаргахад нь туслах санал тавьсан юм.
Үүнээс үзвэл Бээжин, Вашингтон хоёр булангийн орнуудын сансрын зах зээлийн төлөөх өрсөлдөөнөө урт хугацааны үзэгдэл хэмээн үзэж байгаа нь тодорхой байна. Нөгөөтээгүүр тус хоёр улсын харилцаа “дулаарах” ирээдүй харагдахгүй байгаагийн сацуу Доналд Трамп Цагаан ордонд буцаж ирэх магадлал өрсөлдөөнийг улам хурцатгахаар байна.
Нөгөө талаар тус хоёр улс зөвхөн бие биедээ анхаарал хэт хандуулснаар зах зээлийн бусад тоглогчдыг анхаарлаас гадуур үлдээж байна. Гэтэл энэхүү зах зээл дээр цөөнгүй тоглогч бий. Улмаар тус хоёр улс зах зээлээ алдах, технологийн нөлөөгөө сулруулах эрсдэлтэй. Тиймээс Бээжин, Вашингтон хоёр ойрын ирээдүйд найрсаг харилцаатай орнуудтайгаа тактикийн эвсэл байгуулахыг эрмэлзэх нь гарцаагүй тул сансрын зах зээл дээр ноёрхохын төлөөх өрсөлдөөн блокийн шинж чанартай болох нь дамжиггүй гэж шинжээчид таамаглаж байна.
Харин арабын хаант улсуудын зүгээс БНХАУ, АНУ-ын хоорондын өрсөлдөөн хурцатгахыг сөрөг чиг хандлага гэж үзэхгүйгээр үл барам харин ч эсрэгээр хоёр төвийн хооронд стратегийн тэнцвэрийг хангахад илүү өргөн боломж нээж байна хэмээн харж байна.
Сэтгэгдэл ( 0 )