Дэлхий нийтийг байлдан дагуулж буй к-поп урсгал өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа олнй анхаарлыг эрхгүй татдаг. Гэвч к-поп ертөнцөд хахир хатуу зүйлс олон бий.
Эдгээрийг өөрийн биеэр мэдэрсэн 5 алдартны түүхээс хуваалцъя.
1. Stellar хамтлагийн гишүүн Га Ён
Тэрээр ахлах сургуульд байхдаа "2 Days & 1 Night" хэмээх алдартай шоунд оролцож олны танил болсноор Stellar хамтлагт хийхээр болжээ. Тус хамтлагийн менежментийн багийнхан охидын насанд хүрэгчдэд зориулсан өнгө аяс бүхий зураг авалтад оруулдаг байсан ба үүнийгээ тун энгийнээр тайлбарлаж, нэг ёсондоо хууран мэхлэх замаар эсрэг хүйстнээ өдөөн хатгасан сэдэв бүхий зураг авалтад оруулжээ.
Багийнхан нь видео бичлэгийн зохиол дээрээ "Экс найз залуугаа санагалзан орондоо хөрвөөх эмэгтэй, өглөө сэрмэгцээ сүү ууна" хэмээн бичсэн байх агаад зураг авалтын үеэр "Сүү ууж байхдаа нүүрэн дээрээ асгахыг шаардсан байна. Тухайн үед Га Ён өглөө сэрсэн учраас санамсаргүйгээр сүүгээ алдаж асгаж байгаа тухай өгүүлж байгаа юм байна хэмээн бодсон ч видео цацагдах агшинд энэ бүхэн буруугаар эргэсэн болохыг ойлгожээ. Интернэт хэрэглэгчид тухайн үед түүнийг шүүмжлэн, бэлгийн дарамт мөн ихээр ирэх болсон байна.
2017 онд хамтлагаа орхисон Га Ён өнөөг хүртэл сүү ууж чаддаггүй, зуны ид халуунд ч богино хувцас өмсөхөөс татгалздаг, үргэлж бэлгийн дарамтад өртдөг нэгэн болжээ.
2. BONUSbaby хамтлагийн гишүүн Гун Юү Жин
Түүнийг хамтлагийн гишүүн байх хугацаанд энтертайнментийнх нь зүгээс биеийн жингийн хатуу хяналтан дор байлгадаг байжээ. Унтах, идэх, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоо тогтоох зэрэг бүхий л зүйлс нь хязгаарлагдмал нөхцөлд байхын сацуу үргэлж хүнд дасгал хөдөлгөөн хийлгэдэг байсан аж. Энэ нь түүний сэтгэл зүй хийгээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж эхэлснээр тэрээр олон нийтийн газар байхаас айдаг нэг төрлийн сэтгэл түгших эмгэгтэй болжээ.
3. Vivian хамтлагийн Жу Хён Ги
19 настайдаа нэгэн энтертайнтентэд дадлагажигчаар орсон Жу Хён Ги продюсерийнхээ бэлгийн дарамтад өртөж байжээ. Тухайн үед түүнийг карьераа ахиулахын тулд продюсертэйгээ романтик харилцаатай байхыг хүчээр тулгасан ба цаашид алдартай нэгэн болохыг хүсэж байвал үүнийг заавал хийх ёстой гэжээ.
Энэ нь түүний хүсэл мөрөөдлийг үгүй хийн, уг салбарыг орхиход хүргэжээ.
4. Нэрээ нууцласан эрэгтэй дадлагажигч
PD Notebook нэвтрүүлгийн үеэр нэгэн эрэгтэй дадлагажигч эмэгтэй ивээн тэтгэгчийн зүгээс ирсэн дарамтын тухай ярьжээ. Тухайн үед танилцсан нэгэн эмэгтэй ивээн тэтгэгч нь түүнд мөнгөн дэмжлэг үзүүлж эхэлжээ. Өөрийн гэсэн хөрөнгөгүй байсан дадлагажигч эр түүний өгөөмөр сэтгэлийг хүлээн авч эхэлжээ. Гэтэл нэг удаа тухайн эмэгтэй дадлагажигч эрэгтэйг гэртээ урьсан ба уг саналыг нь хүлээн авахаас татгалзсан эрэгтэйгээс мөнгө нэхэмжилж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд түүнд 18-27 мянган ам.доллар зарцуулсан гэх эмэгтэйн өрийг төлөх нь дадлагажигч хүний хувьд хүнд байсан тухай нэвтрүүлгийн үеэр дурдсан байна.
5. Гүйцэтгэх захирлынхаа хүчирхийлэлд өртжээ
2017 онд нэгэн агентлагийн гүйцэтгэх захирал 17 болон 19 настай дадлагажигч нартаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Тэднийг энэ тухай цагдаад мэдэгдэхээс сэргийлэн толгойн тус газар нь цохиж дарамталсан ба агентлагаасаа гарсан тохиолдолд эцэг, эх нь өндөр торгуульд өртөх болно хэмээн дарамталжээ.
Үүнээс гадна уг захирал нь өөр гурван дадлагажигчийн утсыг хураан авч, дотуур байранд нь түгжжээ. Түүнийг өсвөр насныхныг бэлгийн хүчирхийллээс хамгаалах тухай хуулийг зөрчсөн, завхайрсан, цагдан хорьсон, хүчирхийлсэн зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
sadsad