“Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиумын үеэр олон арга хэмжээ зохиожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

 

“Орос Улс” Үндэсний төвд зохион байгуулж буй “Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиумын эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд “Хүний ирээдүй”, “Технологийн ирээдүй”, “Олон туйлт дэлхийн ирээдүй”, “Соёл иргэншлийн ирээдүй” гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд 20 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Симпозиумын оролцогчид, зохион байгуулагчид болон зочдод мэндчилгээ дэвшүүлжээ.

“Өнөөдөр Орос Улсын өмнө сорилтууд тулгарч байгаа хэдий ч цаг үеэсээ түрүүлсэн зорилтууд өмнөө тавьж, давшингуй хөгжлийн шинэ чиглэлүүдийг тодорхойлж, маргааш өдрийн цаад руу өнгийж харахыг эрмэлзэх хэрэгтэй байна” гэж Оросын төрийн тэргүүн мэндчилгээндээ тэмдэглэсэн байна.

Симпозиумын эхний өдрийн гол үйл явдал нь ирээдүйн нийгмийн эмхлэн байгуулалт, амьдрах орчны бүрдүүлэлт, хүний амьдралд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөө, технологийн хөгжил зэрэг чухал асуудлуудыг хөндсөн “Ирээдүйг цогцлоох гүн ухаан” сэдэвт ерөнхий хэлэлцүүлэг байв.

Симпозиумд оролцогчид мөн “Олон туйлт дэлхийг хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх баатруудын ертөнц” хэлэлцүүлэг өрнүүлж, Америкийн DC болон Marvel студийн бүтээлүүдийн дэлхийн соёлын орон зайд давамгайлах байдлыг багасгах үүднээс нийтийн соёлд нэвтрүүлэх шинэ үеийн агуу баатруудыг, бүр тэдэнд зориулсан бүрэн хэмжээний шинэ ертөнцүүдийг цогцлоох боломжуудыг хэлэлцсэн байна.

Ингэх боломж Орост ч, дэлхийн өөр олон оронд ч байгааг энэ хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэсэн байна. Олон нийтийн соёлын амжилттай баатруудыг бүтээх үндсийг улс түмнүүдийн ардын үлгэр домгоос олж авах бүрэн боломжтой гэсэн санааг Бүгд Найрамдах Саха улсын тэргүүн Айсен Николаев дэвшүүлжээ.

“Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиумын хоёр дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд  “Хиймэл оюун ухаан: маргааш юу болох вэ?” сэдэвт нэгдсэн хуралдаан болж, оролцогчид нь Хиймэл оюун ухааны дараа ямар технологиуд гарч ирэх вэ, эрчимтэй хөгжиж буй технологиуд юунд хүргэх вэ, Хиймэл оюун ухааны хөгжил нь бизнес, шинжлэх ухаан, анагаах ухаан болон ажлын шинж чанарын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгаа вэ зэрэг сэдвийг хэлэлцжээ.

Мөн энэ өдөр “Эрдэмтэд болон контент үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны томъёолол” сэдэвт өглөөний цай уунгаа ажил хэрэг хэлэлцэх уулзалт болж, Орос, Серби, Хятад, Италийн уран зөгнөлт зохиолч, хэвлэн нийтлэгч, продюссерууд болон кино бүтээгчид оролцсон байна. Шинжээчид орчин үеийн уран зөгнөлт бүтээлүүд шинжлэх ухааны уран зөгнөлөөс юугаараа ялгарч байгаа тухай болон төрөл зүйлүүдийн өмнө нийгэм ямар зорилтууд дэвшүүлж байгаа тухай ярилцжээ. Тэдний үзэж байгаагаар, уран зөгнөл нь зарчмын хувьд төсөөлхийн аргагүй зүйлийг төсөөлөх боломж олгодог аж.  

 “Уран барималч гантиг юм уу боржин чулууг хараад дотор нь уран баримал байна хэмээн төсөөлдөг шиг уран зөгнөлт зохиолчид ирээдүйг төсөөлөн бүтээдэг. Харин дараа нь инженер, мэргэжилтэн гарч ирээд энэ зүйлийг чинь хийх гэж оролдож болох юм байна гэдэг. Бодох, мөрөөдөх нь туйлын чухал, ялангуяа хүүхдийн хувьд. Хэрэв энэ мөчид нь зөв кино, ном, цуврал, тоглоом гаргаад өгчихвөл маш сонирхолтой үр дүн гарч болох юм” гэж Оросын “Интернетийн хөгжлийн хүрээлэн” компанийн ерөнхий захирал Алексей Гореславский хэлсэн байна.    

Симпозиумын 2 дахь өдөр бас гэр бүл болон ирээдүйн харилцааны сэдэвтэй арга хэмжээнүүд болсон байна. “Альфа үеийнхний дараа юу болох бол?” сэдэвт хуралдаанаар шинжээчид шинэ үеийн хүүхдүүдийн амьдралд цахим эрин үе хэрхэн нөлөөлж байгаа болон өв тэгш хүмүүжлийн стратегийг хэрхэн боловсруулах тухай хэлэлцсэн бол “Гэр бүлийн ирээдүй: сонирхол татагдах, хариуцлага хүлээх асуудал болон уламжлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр цахим эрин үе дэх хүмүүжил болон уламжлалт үнэт зүйлсийн талаар хэлэлцжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top