2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Москва хотноо болсон ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн профессор, хатагтай Ц.Саранцацралд Оросын боловсрол, шинжлэх ухааныг сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Оросын боловсрол, шинжлэх ухааны элч" цол хүртээжээ.
Уг хүндэт цолыг Буркина-Фасо, Вьетнам, Бүгд Найрамдах Гвиней Улс, Египет, Энэтхэг, Индонез, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Киргиз, Мали, Мозамбик, Монгол, Шри-Ланка, Эквадор зэрэг орнуудын 13 иргэнд олгосон байна. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков ёслолын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, Орос улсад гадаад оюутнуудын тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Оросын төр тэдний амьдрах, суралцах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэжээ.
Профессор Саранцацрал Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх төдийгүй Оросын монгол судлаачдын хэлний бэлтгэлд хувиасаа их хувь нэмэр оруулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )