БНСУ-ын ерөнхийлөгч Юүн Сог Ёль ард иргэдээсээ уулчлал хүсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юүн Сог Ёль өнөөдөр (2024.11.07) ард түмнийхээ сэтгэлийг чилээсэндээ уучлалт гуйн, тэргүүн хатагтай Ким Кён Хвитэй холбоотой асуудалд арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ. 

Бүрэн эрхийн хугацаа нь хэдийнэ талдаа ороод буй энэ үед цаашид хэрхэн ажиллахаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан танилцуулсан тэрээр суудлаасаа босон, толгой бөхийлгөн уучлалт хүссэн байна. 

Түүний рейтинг өмнөхөөсөө 20 хувиар унасан гэх судалгаа гарсан. Сүүлийн 2.5 жилийн хугацаанд учир дутагдалтай ерөнхийлөгч байснаа хүлээн зөвшөөрсөн тэрээр "Ард түмнийхээ сайн сайхан, Солонгосын ирээдүйн төлөө эхлүүлсэн санаачилгууд маань байдлыг хурцатгаж, ойр дотнын хүмүүстэй минь холбоотой асуудлууд олон нийтийн санааг зовоосон. Эхнэр маань биеэ авч яваа байдалдаа илүү болгоомжтой хандах ёстой байсан бөгөөд олон нийтийн санааг чилээсэн нь эргэлзэх зүйлгүй түүний буруу" гэжээ. 

Тэрээр мөн үргэлжлүүлэн Ардчилсан намынхан улс төрийн суртал ухуулга хийн, асуудлыг улам бүр дэвэргэж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, цаашид төрийн үйл ажиллагааг шинэчлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. 

Тэргүүн хатагтай Ким Кён Хви 2022 он есдүгээр сард солонгос гаралтай америк номлогчоос 3 сая вонын үнэлгээ бүхий Christian Dior брэндийн тансаг зэрэглэлийн цүнх бэлгэнд авчээ. Уг бичлэг энэ жилийн нэгдүгээр сард олон нийтэд цацагдсан бөгөөд уг бичлэгийг бэлэг өгсөн номлогч бугуйн цаг дахь нууц камераараа бичсэн байна. Энэхүү бичлэг цацагдах болсон шалтгаан нь парламентийн сонгууль дөхсөнтэй холбоотой явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн Юүн Сог Ёль цаашид илүү анхааралтай байх болно гэдгээ мөн мэдэгдсэн билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2024 оны 11 сарын 07

MANAI SAGSUU HAR HURANDAA HURELSUG YU BODOJ SUUGAA BOL

0  |  0
Top