СОНИН ХАЧИН | Ханан дахь гадил жимс 1 сая ам.долларын үнэ хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

 

Нью-Йоркийн Sotheby-ийн дуудлага худалдааны үеэр хананд наасан гадил жимс 1 сая гаруй ам.доллароор худалдаалагдаж магадгүй гэх тооцоо гарчээ. 

Цагаан хананд мөнгөлөг наалтаар тогтоосон энэхүү гадил нь Италийн алдарт зураач Маурицио Каттеланы бүтээл бөгөөд тэрээр уг бүтээлээ "Comedian" хэмээн нэрлэсэн байна. Уг бүтээлийг энэ сарын 20-ны өдөр дуудлага худалдаагаар худалдах гэнэ. Дуудах үнэ 1-1.5 сая ам.доллароос эхэлж байгаа бөгөөд энэхүү бүтээл нь хамгийн анх 2019 онд Art Basel Miami Beach үзэсгэлэн дээр тавигдаж байжээ. 

Энэхүү бүтээл чухам урлагийн бүтээл үү, эсвэл тохуурхал уу? Энэ тухай Sotheby урлангийн тэргүүн Дэвид Галперин "Каттеланы хийсэн бүтээл нь орчин үеийн хүмүүс урлагийн ертөнцийг толин тусгал мэт харуулж, биднээс олон асуулт асууж, урлагийн бүтээлийг бид хэрхэн үнэлдэг, юуг урлагийн бүтээл гэж нэрлэдэг болохыг эргэн нэг бодож үзэхэд хүргэж байна. Дуудлага худалдаанд оролцогчид энэхүү жимсийг худалдаж авч байгаа хэрэг биш. Харин энэхүү бүтээлийг хуулбарлахыг зөвшөөрөх эрхийг олгосон "гэрчилгээ" юм" гэжээ. 

Уран бүтээлч Каттелан уг бүтээлээ өндөр орлоготой, уран зураг сонирхогчдын зочилдог үзэсгэлэн дээр байршуулсан ба уг бүтээл олны анхаарлыг татах нь дамжиггүй. Энэ нь мөн уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж, тэд ямар ч утгагүй зүйлд хөрөнгө оруулах зоригтой гэдгийг илтгэж буй аж. Энэ нь нөгөө талаараа баян хүмүүсийг "шоглож" буй хэлбэр гэнэ. 

Хошигнол хийгээд гүн гүнзгий айдас мэдрүүлдэг бүтээлүүдээрээ алдартай энэхүү уран бүтээлч хүмүүст өөрсдийн хамгийн хар бараан хэсэгтэй нүүр тулахыг санал болгодог байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top