Азаар амьд үлдсэн гэрчийн яриа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

 Норвегийн арал дээр болсон хэргийн гэрч  болох Польшийн иргэн хэрхэн  амьд үлдсэнээ Польшийн телевизэд ярьжээ. “Баримт” хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа Адриан Працонь үхсэн хүний дүр эсгэж байж азаар амьд үлдсэнээ мэдээлсэн байна. “Бид радиогоор Ослод бөмбөг дэлбэрсэн тухай мэдээллийг авсан. Биднийг хамгаалахаар цагдаа ирж яваа тухай би олж мэдсэн” гэж тэрбээр ярьжээ.

Брейвик арал дээр ирсэн цагдаагийн хувцастай хүн “бидэнд өгөх мэдээлэл бий, бидэнд тусална гээд, олон хүн цугламагц тэрбээр буудаж эхэлсэн. Ямар ч кинон дээр гарамгүй аймшиг болсон. Миний өмнө гүйж явсан хүмүүс унаж эхэлж байгааг би харсан. Бүгд л майхан сав, бие засах болон усанд орох газар, усанд хүртэл нуугдаж эхэлсэн, харин тэр этгээд яваад л буудаад байсан” гэж Працонь мэдээллээ. Толгой дээгүүр сум исгэрч байгаа сонстсон. Хувцсаа ч тайлж амжилгүй үсрэн орсноо живэх юм шиг санагдаад буцсан. Тэгээд сэлж буй хүмүүсийг буудаж байгааг харсан. Нэлээд олон хүнд сум туссан. Тэр этгээд над руу буугаа шагайхад нь би буудахгүй байхыг гуйсан. Яагаад ч юм мэдэхгүй тэр намайг орхиод яваад өгсөн” гэж польш эр ярьжээ. Явчихаар нь жижиг арал дээр амьд үлдсэн хэдэн хүний хамт үхсэн дүр эсгэсэн гэж Працонь хэлсэн байна. Цагийн дараа Брейвик эргэж ирсэн. “Ус улаан өнгөтэй болсон байсан. Би үхсэн дүр эсгэж хэвтсэн. Нам гүм байсан болохоор түүний алхах, амьсгалах чимээ надад сонсогдож байлаа. Доошоо харж хэвтсэн би буудахыг сонсож, сум миний мөрийг оночих шиг санагдсан ч хөдлөөгүй. Ингэж л амьд үлдсэн. Би тэр харцыг хэзээ ч мартахгүй. Үнэхээр аймаар харц байсан. Тэр хүн алахыг хүсч байгаа нь илэрхий байсан” гэж Працонь ярьжээ. “Тэгж байтал арал дээр цагдаа нар ирж үймээн болов. Залуучууд тэдэн рүү чулуу шидэж, зугтаж эхэлсэн. Дараа нь цагдаа нар гэмт этгээдийг барьсан. Тэр үүргээ гүйцэтгэсэн гэсэн шиг эсэргүүцэл үзүүлээгүй. Гэхдээ биднийг бүгдийг хороохыг хүсч байна гэж хашгирч байлаа” гэж Працонь яриагаа дуусгажээ. Адриан Працонь Норвегийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд бие нь сайн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top