Вьетнам шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

 Вьетнамын нам, төрийн нэртэй зүтгэлтэн, 62 настай Чыонг Тан Шанг тус улсын шинэ Ерөнхийлөгч болжээ. Төрийн тэргүүнд нэр дэвшигчийг сонгох санал хураалт өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр сонгогдсон, тус улсын 13 дахь удаагийн Ардын хурлын /парламент/ анхдугаар чуулганы үеэр болсон байна. Депутатуудын 97 хувийн дэмжлэг авсан Чыонг Тан Шанг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, тэтгэвэртээ гарсан 69 настай Нгуен Минь Чиетээс БНСВУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг авчээ. Өнөөг хүртэл Чыонг Тан Шанг намын ажил хийж, Вьетнамын эрх баригч Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд багтаж, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын байнгын гишүүний албан тушаал хашиж байв. Ерөнхийлөгчийг сонгосны дараа тус улсын одоогийн Ерөнхий сайд 62 настай Нгуен Тан Зунгийг дахин таван жилийн хугацаагаар Засгийн газрын тэргүүнээр ажиллуулахаар батлав. Төрийн бүх дээд албан тушаалд сонгогдох хүмүүсийг энэ оны нэгдүгээр сард болсон Вьетнамын Коммунист намын XI их хурлаар зөвшилцсөн байсан бөгөөд Ардын хурлаар албан ёсоор батлахыг хүлээж байжээ. Вьетнамын Үндсэн хуулинд зааснаар, нэг танхимтай Ардын хурал тус улсын эрх барих дээд байгууллага бөгөөд тус байгууллагын 500 депутатыг шууд нууц сонгуулиар таван жилийн хугацаагаар сонгодог байна. Чыонг Тан Шанг нь БНСВУ-ын нам, төрийн нэртэй зүтгэлтэн юм. Тэрбээр 1949 оны нэгдүгээр сарын 21-нд төржээ. 1969 онд Вьетнамын Коммунист намын гишүүн болсон байна. Хууль зүйн ухааны бакалавр. 1993-2000 онд Хошимин хотын Ардын хорооны дарга, Хошимины КН-ын хотын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 1990-ээд оны дунд үеэс Авлига, хууль бусаар хил давуулан наймаа хийхтэй тэмцэх комиссыг тэргүүлж байжээ. 1996 оноос Вьетнамын КН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүн, 2011 оны нэгдүгээр сараас КН-ын ТХ-ны Нарийн бичгийн дарга нарын газрын байнгын гишүүнээр /КН-ын XI их хурлаас сонгогдсон/ ажиллаж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top