Хүүгийнх нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаа шударга бус явагдаж байсан тухай АНУ-ын засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа тэргүүн Жо Байдены мэдэгдлийг Хантер Байдены хэргийг мөрдөн шалгаж байсан тусгай үүргийн прокурор Дэвид Уайсс шүүмжилжээ. Түүний бэлтгэсэн илтгэлийг АНУ-ын Ерөнхий прокурорын газрын үүрэг гүйцэтгэдэг Хууль зүйн яам даваа гарагт нийтэлсэн байна.
“Хүүг нь зориуд сонгон авч мөрдөн мөшгөсөн тухай Байдены мэдэгдэл үндэслэлгүй бөгөөд буруу юм. Бусад ерөнхийлөгч нар ч гэр бүлийн гишүүддээ өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурж байсан боловч тэдний нэг нь ч үүнийгээ Хууль зүйн яамны төрийн албан хаагчдыг огт үндэслэлгүйгээр буруутгахад ашиглаж байгаагүй. Улс төржсөн байдлаар урьдчилан тогтоосон үндэслэлгүй дүгнэлт гаргасан хэмээн прокуроруудыг буруутгаж байгаа засаг захиргааны төлөөлөгчид шударга шүүхийн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг. Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийснээрээ хүнд шийдвэрүүдийг үнэнч шударгаар гаргадаг Хууль зүйн яамны ажилтнууд төдийгүй нийт төрийн албан хаагчдын зарчимдаа үнэнч байдлыг үгүйсгэж байгаа юм” гэж Дэвид Уайсс онцолжээ.
“Би ноён Хантер Байдены холбогдсон хоёр хэргийг улс төрийн нөлөөнд огт авталгүйгээр хоёр жилийн турш мөрдөн шалгасан. Эдгээр хэргийг зориуд сонгон авч мөрдөн шалгаагүй бөгөөд хэрэг үүсгэсэн нь АНУ-ын иргэн бүр хэн байхаас үл хамааран хууль шүүхийн өмнө адил тэгш хариуцлага хүлээдэг болохыг харуулж байгаа юм” гэж тусгай үүргийн прокурор мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )