АНУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены зөөврийн компьютерын талаарх мэдээллийг олноос нуун дарагдуулахын тулд сая сая ам.долларын төлбөрийг “Twitter” компанид төлсөн гэж Илон Маск мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт хараат бус сэтгүүлч Мэтт Таиби “Twitter” компани эрх баригчид, ялангуяа Ардчилсан намын нийгмийн сүлжээг цензурдэх зааврыг байнга биелүүлдэг байсан гээд Хантер Байдены зөөврийн компьютертой холбоотой дуулианы хувьд хакерын аргаар олж авсан аливаа мэдээллийг бодлогын хязгаарлалтад оруулах шийдвэрийг тус компанийн удирдлагууд гаргаж байсан гэж мэдээлсэн.
Энэхүү дуулиантай холбоотой мэдээллийг тархахаас сэргийлэх зорилгоор “Twitter” компанийн удирдлагууд хамгийн хатуу арга хэмжээ авч, эдгээр мэдээллийг блоклохоос гадна аюулгүй бус мэдээлэл гэсэн тэмдэглэгээ хүртэл ашигладаг байжээ.
АНУ-ын хэвлэлүүд Хантер Байдены эзэмшиж байсан зөөврийн компьютер дахь мэдээллийг нэг бус удаа нийтэлж байсан билээ. Мэдээллээс үзвэл Хантер Байден Украины эрчим хүчний “Burisma Holdings” компанийн төлөөлөгчийг тухайн үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эцэг Жо Байдентай уулзуулах зэргийг зохион байгуулдаг байжээ. Хантер Байден “Burisma Holdings” компанийн ТУЗ-ийн гишүүн байсан ба Жо Байден тус компанийг шалгах ажиллагааг эхлүүлсэн Украины ерөнхий прокурор Виктор Шокиныг ажлаас нь халахыг хүртэл шаардаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )