Олон улсын терроризмийн эсрэг сургалтын холбооны Ерөнхийлөгч Иосиф Линдер саяхан Норвегид болсон аймшигт халдлага болон түүний болзошгүй үр дагаврын тухай ярьж байна.
-Цэвэр норвеги цустай, боловсролтой сэхээтэн залуу Андерс Брейвик арал дээр яаж ййм олон хүнийг алж чадав аа гэж одоо олон хүн гайхаж байна?
-Онцгой томилгоотой тасгийг ямар ч тохиолдолд бэлэн байлгах үүрэгтэй мэргэжилтнүүдийн хувьд ямар ч гайхалтай юм болоогүй. Жижигхэн, хязгаарлагдмал газар нутаг, автомат зэвсэг, сумны их нөөцтэй шийдсэн алуурчин, өсвөр үеийнхний цугларалт Брейвик шиг аль болох олон хүнийг цааш харуулахыг хүссэн этгээдэд дахиж олдохооргүй алтан боломж байсан. Түүнийг Утойя арал дээр аллага үйлдэж байхад эрх баригч намын залуучуудын байгууллагын цугларалт-зугаалгад ирсэн залуус алуулсан нөхөд шигээ газар хэвтэж үхсэн дүр эсгэж байсан гэдэг. Ийм нөхцөлд ямар ч бэлтгэлгүй хүмүүс оюун ухааны сааталд орж, дараа нь айдас, балмагдалд ордог.
-Утойя арал дээр байсан 600 залуус яагаад Брейвик руу дайрч, зэвсгийг нь салгах гэж оролдоогүй юм бол?
-Брейвикийн хамсаатны тухай хувилбарыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ Европын залуусын нялцгай, хат үзээгүй байдал нэг талаараа харагдаж байгаа нь энэ юм. Аллагаа эхэлж байсан Брейвикийг харсан хүмүүс түүн рүү дайраад хэдэн хэсэг болгоод тасчаад хаячихаж болох байсан уу. Тэнд бол тийм боломж байгаагүй. Жишээ нь, Орост ийм явдал болсон бол хүмүүс хилэгнээд эргээд дайрах нь ойлгомжтой. Өрнөдөд гэмт хэрэгтнүүд буудаж байхад бүгд тараад зугтаадаг, харин Орост юу болов, юун буун дуу гарав гээд гүйгээд ирдэг. Иймэрхүү аймшигтай явдал дээр янз бүрийн хариу үйлдэл илэрдэг юм.
-Норвегийн цагдаа ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Тэд арал дээр ирэх гэж их удсан, завь нь живсэн, нисдэг тэрэг олдоогүй...?
-Бүх шийдвэр удаан гарсан. Цагдаа бол улсаас олгодог тусламж, хөнгөлөлт, тэтгэврийг авах гэж л ажилдаа ирдэг дүрэмт хувцастай түшмэл, төрийн түшээ гэдгийг энэ явдал дахин харууллаа. Хэн ч тулалдахыг хүсэхгүй байна. Бүх юм дууссаны дараа ирж, "ганц дайчин" Брейвикт хядуулсан залуусын цогцсыг гялгар уутаар боож баглах л ажил хийсэн.
-Норвегид нэг дор хоёр халдлага, аллага боллоо. Тус улс бүтэлгүйтэж, ангал руу унах нь энэ үү?
-Мэдээллийг өрсөж олж авах, оператив хяналт тавих талаас нь авч үзвэл Норвегийн цагдаа, тусгай албад ямар ч бэлтгэлгүй байсан. Тус улсад мэдээж, терроризм болон хэт даврах үзлээс сэргийлэх талаар дагнасан тусгай албад байж таараа. Таван сая хүнтэй улс оронд ийм алба цөөн хүнтэй ч байж л байдаг. Орос, Америк, Хятад шиг терроризмтэй тэмцэх нүсэр бүтэцтэй байх санхүүгийн боломж Норвегид байхгүй, тийм шаардлага ч алга. Норвегиүд Европ дахь загас агнуурын мафи болон маргаантай усанд загас барьж буй Оросын хөлөг онгоцнуудын эсрэг л тэмцдэг.
-Норвегийн улс төрчдийн ярьж буйгаар тэд "Аль-Кайда"-гаас л ийм цохилт ирж магадгүй гэж хүлээж байсан. Өөр хаа нэгтэйгээс цохилт ирнэ гэж бодоогүй байсан юм шиг?
-Скандинавт өөрсдийнх нь чихийг хангинуулдаг "хонх" байсаар ирсэн. Норвегид үндсэрхэг үзэлт Варг Викернес сүм шатааж, Шведэд супермаркетад хоёр хамгаалагчтайгаа явж байсан сайд руу хутга барин халдаж байсан. Тодорхой түвшний улс төрчдийн аюулгүй байдлын системийг төгс болгох санал нэг бус удаа гарч байсан ч "Бид тайван, амгалан улс орон. Ингэх ямар ч шаардлага алга" гэж бүгд санал нэгдсэн байдаг. Скандинавын нийгэмд аль хэдийнэ анги давхарга үүссэнийг тооцож үзэх учиртай. Саяхныг болтол Швед, Норвеги нь уугуул хүн ам нь 98 хүртэл хувийг эзэлдэг Европын хамгийн цэвэр, цус холилдоогүй улс байлаа. Одоо энэ цэвэр байдал буурсаар 75 хувьд хүрсэн. Норвеги тариачны сэтгэл зүй их үндсэрхэг, харийнханд тийм ч дуртай биш байдаг. Яг энэ тал дээрээ дотооддоо их хуваагдмал үзэл бодолтой байдаг юм. Норвегийн хүчний байгууллагуудад ч хэт үндсэрхэг, барууны байр суурийг дэмждэг хүмүүс цөөнгүй байдаг.
-Та олон орноор явж, цэрэг офицеруудтай ойр харилцаж явсан хүн. Үндсэрхэг үзэл санааг дэмжигчид цэрэг, армийнхний дотор аль хэр олон байдаг юм бол?
-Үндсэрхэг үзэл санааг дэмжигч хөдөлгөөнд мулзан толгойтнууд зэрэг сэтгэл зүйдээ "жаахан юмтай" хүмүүс элсэж орох нь нийтлэг байлаа. Тэгвэл одоо цэргийн болон улс төрийн байгууллынхан, мөн дунд ангийнхан, сэхээтнүүд ундсэрхэг хөдөлгөөнд нэгдэж байна. Ямар ялгаа байгаа юм бэ? "Нэгдсэн тогоо"-ны систем Израиль, Европт ч бүгэлгүйтсэн. Улс төрчид хүний эрх, ардчилал гэж ярьж гадаад иргэдийг олноор нь Норвегид авчирсан. Тэгээд юу болсон, угаасаа уугуул иргэдтэй адилхан болж, уусч чадахгүй гадаадынхан Норвегид өөрсдийн нийгэм, давхаргыг бий болгож байгаа юм. Ингэснээр орон нутгийн иргэдтэй таарахгүй байх, мөргөлдөх үндэс бий болж байгаа юм. Эрт, орой хэзээ нэгэн цагт энэ хоёр сөргөлдөгч нийгмийн аль нэг нь нөгөөгөө хутгалж, буудаж, дэлбэлж эхлэх нь тодорхой. Энэ бол нийгэм байсан цагт оршиж л байдаг хууль юм.
-Тусгай албадыг юу сэрэмжлүүлж чадах байсан бол?
-Радикал, эктремист сайтууд дээр гарч байгаа үг бүрийг шүүж, мөрдөн мөшгөхийг зөвшөөрдөг хууль батлагдаад удаж байна. Сайтуудыг блоклох, тэнд байнга чааталдаг хэрэглэгчид рүү нэвтэрч "барьж авах" систем байдаг. Дараа нь тэр бүлэг хүмүүсийг шизотой, сэтгэл санаа тогтворгүй, шашны фанатууд, буу эзэмшигчид гэж ангилах хэрэгтэй болдог. Тэдэнтэй "нягт хамтран ажиллаж" байж энэ ангилалтыг хийж чадна. Мэдээж тэр алуурчин ганцаараа хөдөлж, ажиллаж байсан бол олоход үргэлж хэцүү байх болно. Брейвикийн тохиолдолд холбогдох албад ажлаа хангалттай, эрчимтэй хийж чадаагүй. Яг хэрэгтэй мэргэжилтнүүд нь байгаагүй, эсвэл хэрэгтэй мэргэжилтнүүдийг нь ажиллуулах улс төрийн хүсэл зориг байгаагүй. Элит ангийн төлөөлөгчид элдэв хэл аманд орохоос айхдаа дэндүү идэвхгүй байсан.
-Норвегийн тусгай албад одоо яаж ажиллах бол?
-Мөрдөн шалгалт явуулна. Магадгүй интернетийг хянадаг, дотоодын сөрөг хүчин болж буй экстремистууд, сэтгэл үл ханагчидтай тэмцдэг тусгай хүчний орон тоог нэмэх байх. Бас гадаадын цагаачдыг албадан гаргах нь нэмэгдэж болзошгүй юм. Гэвч эцсийн эцэст хэн ч, юу ч хийхгүй гэж бодож байна. Норвегийн нийгмийн сэтгэл зүй харгис, хатуу арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй. Харин харгис бус буюу ардчилсан арга замаар "ийм өвчин" эмчлэгддэггүй юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )