Украинд өрнөж байгаа байлдааны ажиллагаа 2025 онд зогсоно гэж тус улсын эрх баригчид найдаж байна.
“Дайн энэ онд дуусна хэмээн бид найдаж байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийх боломжтой юм. Гэхдээ ийм яриа хэлэлцээ хэзээ болохоос бүх зүйл шалтгаална. Украин улс хангалттай хүчтэй байх үед яриа хэлэлцээ хийх боломж бүрдэнэ. Харин хүчтэй байхын тулд бид батлан хамгаалах аж үйлдвэрээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Украины тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн сайд Юлия Свириденко Польшийн нэгэн радиостанцад ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа яриа хэлэлцээ хийх үйл явцад идэвхтэй оролцох байх гэж Украины эрх баригчид үзэж байгаа аж.
Сонгуулийн кампанит ажилд оролцож байхдаа Трамп Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор зохицуулах боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. Харин Украины асуудал хариуцсан түүний тусгай элч Кит Келлог уг мөргөлдөөнийг 100 хоногт багтаан зохицуулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Энэ оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын ерөнхийлөгч Украинд америкийн зэвсэг нийлүүлэхийг бүрэн зогсоох боломжтой гэдгийг үгүйсгээгүй бөгөөд Оросын удирдагчтай тааламжтай үед нь уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.
Үүний зэрэгцээ Украины асуудлаар тохиролцохыг зөвшөөрөхгүй бол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж магадгүй гэж Америкийн удирдагч мэдэгдсэн байна.
“ОХУ-ын эрх баригчид АНУ-ын шинэ засаг захиргаатай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй, харин хамгийн гол нь хямралын анхдагч шалтгааныг арилгах явдал юм” гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин онцолж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Дайныг зогсоох хэлэлцээрт Укр оролцохгүй ээ, хэлэлцээр АНУ, ОХУ-н хооронд өрнөнө гэж судлаачид бичиж байна. Мөн ПУТИН хэлэлцээрт Укрын дээд РААДын төлөөлөгчтэй ширээний ард суух боломжтой гэсэн байна, учир нь Зелинскийг хууль бус төр баригч гэж тэрээр үзэж байгаагаа илэрхийлсэн бна.