БНСУ | Нисэх онгоцонд гарсан галын улмаас ДОЛООН хүн гэмтжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

 

Өмнөд Солонгосын Пусан хотод байрлах Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд Хонконг руу хөөрөхөөр бэлтэж байсан онгоцонд гал гарч долоон хүн эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хүргэгджээ.  

Эйр Бусан компанийн нисэх онгоцонд мягмар гарагийн оройн 22:00 цагийн орчимд гал гарсан ба тус гал онгоцны сүүл хэсгээс гарч эхэлсэн хэмээн албаныхан дурдсан байна. Онгоцонд зорчигч болон багийн гишүүд нийлсэн 176 хүн байсан бөгөөд бүх зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. 

Галын улмаас долоон зорчигч хөнгөн зэргийн гэмтэл авч, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн болохыг албаныхан мэдээлсэн байна. Эдгээрээс дөрөв нь угаартаж, цээж хэсгээрээ зовиуртай байгаагаа илэрхийлсэн бол үлдсэн гурван зорчигчдод ахар сүүл болон нуруу нь өвдөх шинж тэмдэг илэрсэн байна. 

Уг галын улмаас лхагва гарагт нисэх байсан найман нислэгийг цуцалсан бол бусад 279 нислэг төлөвлөгөөний дагуу нисжээ. 

Гал унтраах албаныхан "Зорчигчид ачаа тээшний хэсэгт гал гарч, шаржигнах чимээ гарахын сацуу утаа гарч байсан болохыг харсан байсан. Галын шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд чемоданд байсан зай эсвэл электрон төхөөрөмжөөс гал гарсан байж болзошгүй гэх таамаглал байна" гэжээ. 

Цагдаа нар тээш хүлээн авах журам болон галд өртсөн онгоцон доторх цахилгааны монтажтай холбоотой зүйлсийг шалгахаар төлөвлөж байгаа бөгөөд мэргэжлийн хайхрамжгүй байдлаас үүдэн гал гарсан бол хохирогчдын хохирлыг эргэн төлүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Мөн терроризмтой холбоотой нөхцөл байдал байгаа эсэхийг шалгахаар болсон байна. 

Өмнөд Солонгос улсад өнгөрсөн оны 12-р сард 181 зорчигчтой онгоц осолдсан харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Asiana Airlines компанийн 270 зорчигчтой OZ766 нислэг Тайландын Чианг Май олон улсын нисэх онгоцны буудлаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буухаар өдрийн 12:25 минутад хөөрөх ёстой байсан ч хөдөлгүүрийн ойролцоох хэсгээс оч үсэрч, нислэгийг нэн даруй цуцалсан хэрэг гарсан. Ийнхүү шил дараалан нисэх онгоцонд асуудал үүсээд буй учир агаарын тээврийн компаниудыг хяналт шалгалтаа сайжруулахыг үүрэг болгоод байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu