БНСУ | Онгоцонд гарсан гал батерейнаас үүдэлтэй байж болзошгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

 

Өмнөд Солонгосын Гимхэ нисэх онгоцны буудалд Эйр Бусан компанийн 176 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцонд энэ сарын 28-ны өдөр гал гарч, долоон хүн гэмтэж, бэртсэн билээ. Уг галын шалтгааныг батерейнаас үүдэлтэй байж болзошгүй хэмээн эх сурвалжууд дурдсан байна. 

Гэрчүүдийн хэлснээр тэд арын хэсгээс утаа гарч, бүхээгт тархаж эхлэхээс өмнө цахилгаан масслаж буй мэт шажигнах чимээ сонссон гэжээ. Онгоцны богино холбоо зэргээс гал гарах өндөр эрсдэлтэй байсан ч зөөврийн батерей гал гарах шалтгаан болсон байх өндөр магадлалтай гэжээ. 

Уг явдлаас долоо хоногийн өмнө Эйр Бусан компанид үүнтэй ижил, төстэй хэрэг гарсан. Зөөврийн батерейнаас үүдэн онгоцонд гал гарсан бөгөөд онгоцны үйлчлэгчид нэн даруй арга хэмжээ авч, галыг унтраажээ. 

2024 оны долоодугаар сард Өмнөд Солонгост Eastar Jet онгоцонд, тухайн оны дөрөвдүгээр сард Asiana Airlines-ийн онгоцонд зөөврийн батерейнаас үүдэлтэй гал гарч байжээ.

Агаарын тээврийн компаниудын дотоод дүрэм харилцан адилгүй байдаг ч ихэнх компаниуд гар тээшиндээ зөөврийн батерейгаа авч явахыг зөвлөдөг. Эйр Бусан компанийн хувьд зорчигчид 160Wh-аас хэтрэхгүй хэмжээний батерей хоёр хүртэлх ширхэгийг авч явахыг зөвшөөрдөг байна. Тиймээс Эйр Бусан компани батерей авч явсан зорчигчид хариуцлага тооцоход хүндрэлтэй байгаа аж. 

Гал гарсан онгоцонд нийт 35,000 паунд шатахуун байсан бөгөөд томоохон дэлбэрэлт үүсч болзошгүй нөхцөл байдалд байсан. Гэсэн ч гал сөнөөгчид зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, гал түлш хадгалах сав руу орохоос урьдчилан сэргийлэн галыг 23:31 цагт бүрэн унтраасан байна.

Зорчигчдын дунд гадаадын 22 иргэн байснаас 18 нь Хятад, хоёр нь Америк, нэг нь Их Британи, нэг нь Филиппин улсын иргэн байжээ. Эдгээрээс бусад зорчигчид Солонгосын иргэн байсан бөгөөд Цагаан сарын баярыг тохиолдуулан аяллаар явж байсан иргэд дийлэнх хувийг эзэлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (192.82.92.153) 2025 оны 01 сарын 30

ЭНЭ СОЛОНГОС ЮУ БОЛЧИХВОО, ДЭЭРЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БАРЬЖ ХОРИОД, ДООРОО БУЖИГНЭЖ, ОНГОЦНУУД НЬ ШАТААД...

0  |  0
Close menu