Өнгөрсөн 5 дугаар сарын 14-нд Нью-Йорк хотын “Sofitel” -зочид буудлын үйлчлэгч бүсгүйг ОУБС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Кан хүчирхийлэхийг завдсан хэрэг дуулиан тарьсан. Хохирогч бүсгүй Гвинейн 32 настай цагаач эмэгтэй Нафисатоу Диалло нь “Newsweek”-сэтгүүлд ярилцлага өгч, цаашид ч үгээ хэлэх болно хэмээн мэдэгджээ. Тэрээр хүчиндэхийг завдсан этгээд нь ОУВС-гийн тэргүүн байсан гэдгийг хэрэг гарсны дараа өдөр телевизийн мэдээгээр гарч байхад мэдсэн. Тэр үеэс хойш амь насанд халдахвий гэж эмээж байсан тул өнөөг хүртэл ярилцлага өгөөгүй хэмээн тайлбарласан байна. Н.Диаллогийн хэлснээр, ОУВС-гийн тэргүүнийг мэдэхгүй, урьд нь харж байгаагүй гэдгээ онцолжээ. Энэ хэргээс хойш хохирогч эмэгтэйг зочид буудалд тусгаарлаж, гар утас хэрэглэхийг хориглосон байна. Тэрээр, “Доминик Стросс Каныг хэн болохыг мэдсэний дараа амь насанд минь заналхийлэх вий гэж ихэд айх болсон. Учир нь, манай оронд ийм хэрэг гарсан бол энэ талаар хэн нэгэнд мэдэгдэхээс өмнө гэрчийг устгадаг юм” гэжээ. Хэрэг гарснаас хойш хоёр сар болж байхад сая мэдүүлэг өгснөө тэрбээр тайлбарлахдаа, “Худал мэдүүлэг өгсөн, биеэ үнэлж мөнгө олдог гэж хүмүүст ойлгуулснаас үүдэлтэй “гэжээ. Н.Диалло “Бурхан гэрч болно. Би үнэнээ ярьж байна. Хэдийгээр би ядуу ч гэлээ шударга үнэний төлөө зогсох болно. Би Стросс-Каныг дахин шоронд хорихыг хүсч байна. Түүнээс болж би биеэ үнэлэгч нэр зүүсэн. Эрх мэдэл, мөнгийг ашиглаж болдоггүй зүйл бас байдаг гэдгийг түүнд ойлгуулмаар байна” гэж ярьсан байна. Мөн Диалло өөрийг нь “биеэ үнэлэгч” гэж нэрлээд, зочид буудалд буусан эрчүүдэд сексийн үйлчилгээ үзүүлээд мөнгө авдаг нэгэн хэмээн бичсэн “The New York Post”сониныг шүүхэд өгчээ.
Д.Сэндэр
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )