“Их 7”-ийн бүлгийг цөмийн зэвсэгтэй бүлэглэл гэж нэрлэжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
16 цагийн өмнө

 

БНАСАУ-ын Гадаад харилцааны яам “Их 7”-ийн бүлгийг цөмийн зэвсэгтэй бүлэглэл хэмээн нэрлээд, гишүүн орнуудыг нь цөмийн зэвсгээсээ татгалзахыг уриаллаа гэж тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг уламжлав.

“Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзахыг уриалсан нь тус улсын бүрэн эрхэд халдсан, өдөөн хатгасан үйлдэл гэж Умард Солонгосын эрх баригчид үзэж байгаа ажээ.

“Дэлхийн энх тайван, аюулгүй байдал алдагдах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын горим зөрчигдөх эхлэлийг тавьсан “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнууд тогтоон барих хууль ёсны зэвсэгтэй байхыг үл зөвшөөрөх асуудал дэвшүүлж байгаад БНАСАУ-ын Гадаад хэргийн яам ихээхэн сэтгэл зовниж байна” гэж тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ.

“АНУ нь цөмийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн цорын ганц улс, цөмийн зэвсгийг анхлан түгээн дэлгэрүүлж эхэлсэн улс бөгөөд Солонгосын хойг болон Европт цөмийн зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөн үүсэх аюултай хямралыг өдөөж байгаа. Их Британи нь Америкийн цөмийн зэвсгийг нутагтаа байрлуулахыг дахин чармайж эхэлсэн. ХБНГУ, Италид америкийн цөмийн зэвсгийг байрлуулаад байгаа. Франц улс “цөмийн шүхрийг” өрнөдийн орнуудад олгох асуудал дэвшүүлсэн. Япон улс тогтоон барих өргөтгөсөн хэрэгслийн хэлбэрээр АНУ-аас цөмийн зэвсэг аваад байгаа юм” гэж уг мэдэгдэлд онцолсон байна.

Умард Солонгосын эрх баригчдын үзэж байгаагаар, энэ бүх баримт нь чухамхүү АНУ болон түүний холбоотнууд цөмийн зэвсэгт мөргөлдөөн үүсэх аюулын эх сурвалж болж буйг харуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu