Их-7 бүлэг хамтарсан мэдэгдэл гаргав

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Франц улсад болж буй Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтаар талууд эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн маршрутыг төрөлжүүлэх, Ормузын хоолойн чиглэлээс хараат байдлаа багасгахаар тохиролцов.

Хамтарсан мэдэгдэлд, олон улсын худалдаа ямар нэгэн хязгаарлалт эсвэл төлбөргүй, чөлөөтэй гарцтай байх эрх дээр суурилдаг болохыг онцлоод Франц, Их Британи тэргүүтэй олон улсын хараат бус батлан хамгаалахын санаачилга Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгтэй санал нэгдэв.

Их-7 бүлгийн орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын дагуу БНАСАУ-ын цөмийн зэвсэггүй улс болгох үзэл санааг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Энэ сарын 14-нд БНАСАУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг эргэлт буцалтгүй бүр мөсөн хаасан, тус улс цөмийн гүрний статусаа эргэн харахгүй гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн, Их-7 бүлэг Украины эрчим хүчний салбарт нэмэлт дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.

Талууд Тайванийн хоолойг тойрсон маргааныг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байгаа бөгөөд статус-квог өөрчлөх нэг талын оролдлогыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн талууд чөлөөтэй, нээлттэй Энэтхэг, Номхон бүс нутаг чухал үүрэгтэй болохыг онцлон, Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгис болон Тайванийн хоолойд стастус квог өөрчлөх зорилгоор хүч хэрэглэх, албадах зэрэг нэг талын оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Их-7 бүлэг Ойрх Дорнодод гарч буй дэвшил, боломжуудыг онцлоод АНУ, Ираны тохиролцоонд хүрснийг сайшаан, Иран цөмийн зэвсэгтэй болох алхмыг сэргийлэх, тус улсын баллистик пуужингийн боловсруулалт зэрэгтэй холбоотой бүс нутагт учирч болзошгүй аюул заналхийллийг устгах түүхэн боломжийг нээж байна гэж үзэв.

Украин дахь нөхцөл байдалтай холбогдуулан тус бүлэг Орост хориг арга хэмжээ авах замаар дарамт шахалтыг нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Энэ хүрээнд тус улсын газрын тос, байгалийн хийн салбарт тавих хоригийг чангатгахаар болсон байна. Ормузын хоолойг нээх тухай АНУ, Ираны хэлэлцээр нь тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байгааг талууд онцолжээ.

Франц улсад болж буй Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top