Трампын засаг захиргаа хэдэн зуун сэжигтнийг Эль-Сальвадор руу албадан гаргав

2025 оны 03 сарын 19

Ням гарагт АНУ Венесуэлийн гаралтай хэмээн үзэж буй хэдэн зуун бүлэглэлийн гишүүдийг Эль-Сальвадор дахь шоронд албадан гаргасан гэж Трампын засаг захиргаа мэдэгдэв. Үүний тулд засаг захиргаа дайны үеийн онцгой эрхийг ашиглан албадан гаргалтыг түргэтгэх арга хэмжээ авсан нь шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон үйлдэл болж цагаан ордон болон шүүх эрх мэдлийн хооронд үүссэн ээлжит томоохон маргаан болов. Холбооны шүүгч Жеймс Боасберг бямба гарагийн орой түр хориг тавьж, Трампын засаг захиргаанд хэдэн зууны настай Гадаад дайсны тухай хуулийг ашиглахыг хориглосон. Боасберг энэ хоригийг 14 хоногийн хугацаатай хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд  АНУ-аас гарсан нисэх онгоцнуудыг буцаахыг тушаасан ч тухайн үед зарим онгоц аль хэдийн агаарт хөөрсөн байжээ. Тэрбээр "Эдгээр хүмүүсийг тээвэрлэж буй бүх нисэх онгоц АНУ руу буцаж ирэх ёстой" гэж хэлсэн байна.

 

Цагаан ордон: Шүүхийн шийдвэрийг зөрчөөгүй

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левиттийн мэдэгдсэнээр, Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг зөрчөөгүй, учир нь  нэхэмжлэлд дурдагдсан хүмүүсийг АНУ-аас гарсны дараа шүүгчийн тушаал гарсан гэжээ. Тэрбээр "Засаг захиргаа шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэдэг нь худал. Энэ шийдвэр хууль зүйн үндэслэлгүй бөгөөд террорист бүлэглэлийн (Tren de Aragua) гишүүдийг АНУ-ын нутаг дэвсгэрээс гаргасны дараа гарсан" гэж Левитт онцолж, "Нэг шүүгчийн шийдвэр гадаадын террористуудыг тээвэрлэж буй нисэх онгоцны хөдөлгөөнийг удирдах эрхгүй" гэж мэдэгдсэн байна. Ням гарагт Левитт Трампын тушаалаар Дотоодын аюулгүй байдлын яам Венесуэлийн Tren de Aragua бүлэглэлийн 300 гаруй гишүүнийг баривчилсан гэж мэдэгджээ. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн хэдэн зуун гэмт хэрэгтнийг АНУ-аас албадан гаргаснаа онцолж, Эль-Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букелед тэднийг шоронд хорих санал тавьсанд талархлаа илэрхийлсэн байна. Рубиогийн хэлснээр, Букеле АНУ-д хоригдож буй MS-13 бүлэглэлийн хоёр удирдагч болон 21 эль-сальвадор хүмүүсийг эх оронд нь буцаах хүсэлт тавьжээ. Ням гарагийн өглөө Tren de Aragua-гийн гишүүд Эль-Сальвадорт ирсэн бөгөөд тэднийг Терроризмтой тэмцэх хорих төв буюу CECOT-д нэг жилийн хугацаатай хорьсон гэж Букеле мэдэгджээ. Тэрбээр тэднийг гавтай буулгаж, үсийг нь хусаж буй бичлэгийг нийтэлсэн байна.

Трамп "Truth Social" платформ дээрээ Букелед АНУ-аас албадан гаргасан хүмүүсийг хүлээн авахад хамтран ажилласан хэмээн талархал илэрхийлсэн байна. CNN-ийн мэдээлснээр, Трампын холбоотон Эрик Принс өнгөрсөн оноос хойш Букелетэй холбоо тогтоож, хэрэв Трамп дахин сонгогдвол АНУ-аас ирэх цагаачдыг хүлээн авах боломжийн талаар ярилцаж байсан аж. АНУ Эль-Сальвадорт албадан гаргагдсан хүмүүсийг байрлуулахын тулд зургаан сая ам.доллар төлөх бөгөөд энэ мөнгө нь тус улсын жилд 200 сая ам.долларын өртөг бүхий хорих байгууллагын тогтолцоог дэмжихэд зориулагдана гэж Букеле онцолжээ. Мөн энэ асуудлыг хошигнож, "Хожимдсон байна!" хэмээн шүүхийн шийдвэрийн талаар нийтэлсэн нь Рубиогийн анхаарлыг татаж, уг жиргээг өөрийн хуудсандаа хуваалцжээ.

 

Шүүгч Боасберг: Онгоц нисэхээс өмнө хориг тавьсан

 

Боасберг анх Трампын засаг захиргааны үйл ажиллагааг эсэргүүцсэн таван цагаачийг албадан гаргахыг хориглож, удалгүй энэ хоригийг өргөжүүлж Трампын зарлигт хамрагдах бүх цагаачдыг хамруулах тушаал гаргасан байна. Цагаан ордны өндөр албан тушаалтнууд бямба гарагийн орой яаралтай хуралдаж, Боасбергийн гаргасан шийдвэрээс хойш хэрхэн ажиллах, төлөвлөгөөгөө өөрчлөх эсэх талаар хэлэлцэж нисэх онгоцнуудыг буцаах тушаал өгөхгүй байхаар шийджээ. Шүүгчийн аман тушаал нь бичгээр гаргасан шийдвэртэй ижил хүчинтэй гэж  хууль зүйн ахлах шинжээч Эли Хониг тайлбарласан байна. АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди болон Хууль зүйн яамны албаныхан ням гарагийн орой мэдэгдэл гаргаж, Боасбергийн гаргасан эхний шийдвэрийн дараа зарим бүлэглэлийн гишүүдийг албадан гаргасан боловч анхны таван нэхэмжлэгчийг АНУ-аас гаргаагүй гэж онцолсон байна.

Ричмондын их сургуулийн хуулийн профессор Карл Тобиасын үзэж буйгаар, Боасбергийн мэдэгдэлд үндэслэн Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг зөрчсөн байж болзошгүй. Хэрэв Боасберг үүнийг "илэрхий зөрчил" гэж үзвэл засаг захиргааг шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөхийг нарийвчлан заасан шинэ шийдвэр гаргаж, цаашид зөрчвөл холбогдох албан тушаалтнуудыг иргэний эсвэл эрүүгийн хариуцлагад татах боломжтой. Бүгд найрамдах намын сенатч Майк Раундс "State of the Union" нэвтрүүлэгт оролцохдоо, гүйцэтгэх засаглал хуулийг дагаж мөрдөж байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Хүмүүс хуучин хууль байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Гэр бүлээ аюулгүй байлгахын тулд ийм хүмүүсийг гаргах шаардлагатай бол гаргана" гэж онцолжээ. Харин Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Хаким Жеффрис ням гарагт "Бид хууль ёсны засаглалын зарчмыг тууштай дэмжинэ" хэмээн мэдэгдэж, Трампын цагаачлалын бодлогын үр дагаварт анхааруулсан байна. "Бид бүгд хууль бус цагаачлалыг эсэргүүцдэг. Гэвч Трампын засаг захиргааны баримталж буй бодлого Америкийн иргэдийг албадан гаргах, хууль ёсны оршин суугчдыг хөөх, шударга хөдөлмөр эрхэлж буй цагаачдын гэр бүлүүдийг салгах аюултай" гэж MSNBC-д ярьжээ.

 

Сальвадорын CECOT шорон

 

40000 хоригдол хорих багтаамжтай CECOT нь Америк тив дэх хамгийн том шорон юм. Гэсэн хэдий ч энэ шорон нь хоригдлуудтай харгис хэрцгийгээр харьцдаг гэх шүүмжлэлд өртөж, хүний эрхийн байгууллагууд үүнийг хүнлэг бус, хүний эрхийг зөрчсөн газар гэж үздэг аж.

Одоогоор 10000-20000 орчим хоригдол тэнд хоригдож байгаа бөгөөд тэдэнд ямар ч хувийн орон зай, тав тух байхгүй, суллагдах ямар ч найдвар байдаггүй. CNN өнгөрсөн оны сүүлээр уг шоронд сурвалжилга авахаар очсон бөгөөд хоригдлуудыг хэт ихтэй зайгүй өрөөнд хорьж байгааг харжээ. Зарим камерт 80 гаруй хүн чихэлдэн байрлаж, матрас, даавуу, дэргүй төмөр орон дээр унтдаг байна. Тэдэнд зөвхөн задгай жорлон, угаалгын зориулалттай цементэн угаалтуур, хуванцар хувин, ундны усны том сав өгдөг аж. Хоригдлууд өдөрт 23 цаг 30 минутыг камераасаа гаралгүй өнгөрүүлж, зөвхөн 30 минутын завсарлагын үеэр төв хонгилоор гарч, дасгал хийх эсвэл Библийн уншлагад оролцох боломжтой байдаг. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, Сальвадорт хэрэгжүүлж буй улсын хэмжээнд хэрэгжсэн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд зарим үндсэн хуулийн эрхүүд, тухайлбал шүүхийн зөв процессын эрх зөрчигдөж байна. Улс даяар 80000 гаруй хүнийг баривчилсан нь Сальвадорын нийт хүн амын нэг хувиас илүү хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.63) 2025 оны 03 сарын 20

ямартай ч америкаас гаргаж байгаа болохоор гаргах л гэж бичнэ шүү дээ\n

0  |  0
зочин(203.23.199.2) 2025 оны 03 сарын 19

шоронд гаргасан гэдгийг ойлгохгүй юм.

0  |  0
Close menu