АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нэг цаг үргэлжилсэн утасны яриа хийж маш сайн ярилцлаа гэж хэлжээ.
Энэхүү яриа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбогдсоны маргааш болсон байна.
Трамп өөрийн Truth Social платформ дээр нийтлэхдээ "Украин, Оросын хүсэлт, шаардлагыг нэгтгэх зорилготой" яриа байсан хэмээн онцолж, гал зогсоох хэлэлцээр урагшилж буйг дурджээ. Зеленский мөн X платформ дээр тухайн яриаг "эерэг", "илэн далангүй", "үр дүнтэй" яриа боллоо гэж дурдаад, "Бид Америктай, Ерөнхийлөгч Трамптай, АНУ-ын манлайлал дор энэ онд тогтвортой энх тайван тогтоож чадна гэж итгэж байна" гэж онцолжээ.
Лхагва гарагт болсон цахим хурлын үеэр Зеленский Трамптай ярилцахдаа Оросын мэдэлд буй Запорожьегийн цахилгаан станцыг АНУ эзэмших боломжийн талаар хэлэлцсэн гэдгээ мэдэгдсэн байна. Европын хамгийн том энэхүү цахилгаан станц байлдааны бүсэд байрладаг бөгөөд дахин бүрэн ажиллагаанд ороход хоёр ба түүнээс дээш жил шаардлагатай гэдгийг онцолж, энэ нь Украин болон Европын хувьд нэн чухал болохыг Зеленский тодотгожээ. Мөн тэрбээр эрчим хүчний дэд бүтэц, төмөр зам, боомтын байгууламжууд руу халдлага үйлдэхээ зогсоох боломжтой бөгөөд энэ нь АНУ, Украин хамтран зуучлах хэсэгчилсэн гал зогсоох гэрээний нэг хэсэг байж болохыг дурдсан.
Гэвч Зеленский ОХУ гэрээг зөрчвөл хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулсан юм.
"Бид Оростой бүрэн тохиролцоонд хүрч, хэсэгчилсэн ч гэсэн гал зогсоох хэлэлцээр байгуулаагүй цагт дрон, пуужингийн довтолгоо үргэлжилсээр байх болно" гэж тэрээр мэдэгдсэн. Зеленский мөн сэтгүүлчдэд Путин бүрэн гал зогсоох гэрээг зөвшөөрөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний шалтгаан нь Украины цэргүүд ОХУ-ын Курск мужид байрлаж байгаа явдал гэж тайлбарлажээ. Тус бүс нутагт өнгөрсөн оны наймдугаар сард Украин гэнэтийн цохилт өгсөн юм. Мөн Зеленский Трамптай хийсэн ярианы үеэр Москвагийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тал дээр ямар нэг шахалт дарамт болсон зүйл байхгүй хэмээн онцолж, "Тийм зүйл огт болоогүй. Энэ бол бодит үнэн. Би хэнээс ч нуухгүй, хэрвээ тийм зүйл болсон бол та бүхэнд илэн далангүй хэлэх байсан" гэжээ. Орос, Украин эрчим хүчний байгууламж руу халдлага үйлдэхээ зогсооно гэж мэдэгдсэн ч бие биенээ зөрчил гаргасан гэж буруутгасаар байна. Трамп илүү өргөн хүрээтэй эвлэрлийг зорьж байгаа боловч Путин АНУ, Украин хоёроос санал болгосон 30 хоногийн бүрэн гал зогсоох гэрээг хүлээн авахаас татгалзсан байна.
Гэрээ үргэлжлэх боломж Трампын хувьд үргэлж нээлттэй
Трамп лхагва гарагт болсон Зеленскийтэй хийсэн яриагаа нэг цаг үргэлжилсэн гэж мэдэгдсэн. "Ерөнхийлөгч Путинтэй хийсэн утасны яриан дээр тулгуурлан Орос, Украины шаардлагыг уялдуулах талаар голчлон хэлэлцсэн" гэж Трамп Truth Social дээрээ бичжээ. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Трамп Украинд нэмэлт агаарын довтолгооноос хамгаалах систем олоход туслахаар тохиролцсон гэдгийг онцолжээ.
"Талууд фронтын нөхцөл байдлыг харгалзан батлан хамгаалахын салбарын мэдээллээ ойр ойрхон хуваалцахаар зөвшилцсөн" гэж Рубио хэлсэн байна. Түүнчлэн Саудын Арабт техникийн багууд ойрын өдрүүдэд уулзаж, гал зогсоох гэрээг Хар тэнгис хүртэл өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Энэ нь дайныг бүрэн зогсоох эхний алхам байж болохыг тэрбээр онцолсон байна. Трамп мөн Украины цахилгаан станцуудыг АНУ эзэмших боломжийн талаар хөндсөн бөгөөд энэ нь Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах хамгийн сайн арга гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Трамп, Зеленский хоёрын энэ удаагийн ярианы уур амьсгал өмнөх уулзалтуудаас эрс өөр байсан.
Ялангуяа Зеленский хоёрдугаар сарын сүүлээр Цагаан ордонд зочлох үеэр үүссэн хурцадмал байдлаас эрс ялгаатай байлаа. Тухайн үед Зеленский, Трамп, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс нарын хооронд түгшүүртэй маргаан өрнөж, үүний дараа АНУ Украины цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл солилцохоо түр хугацаанд зогсоосон юм. Гэсэн хэдий ч дипломат үйл ажиллагааны үр дүнд харилцаа сайжирч, гуравдугаар сарын 11-нд хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Мягмар гарагт болсон Трамптай ярианы үеэр Путин Украины эрчим хүчний байгууламж руу халдлага хийхээ зогсооно гэж амласан. Гэвч тэрбээр бүрэн гал зогсоох хэлэлцээр зөвхөн Украины холбоотнууд Киевт үзүүлж буй цэргийн тусламжаа зогсоосон тохиолдолд л хэрэгжинэ гэж мэдэгдсэн байна. Харин Европын холбоотнууд үүнийг өмнө нь хэд хэдэн удаа эрс няцааж байсан хэдий ч удалгүй Украин, Орос хоёр тал довтолгоо хийсээр байсан бөгөөд Киев эмнэлгүүд рүү довтолсон гэж Москваг буруутгажээ. Харин Оросын өмнөд хэсгийн Краснодар мужийн эрх баригчид Украины дрон тосгоны нефтийн агуулахад гал тавьсан гэж мэдэгдсэн байна. Энэ бүхний хажуугаар Украин, Орос лхагва гарагт 175 олзлогдсон цэргийг харилцан солилцжээ. Зеленский үүнийг "хамгийн том хоригдол солилцооны нэг" хэмээн тодорхойлжээ.
Сэтгэгдэл ( 0 )