БНСУ | Түймрийн улмаас 18 хүн нас барж, 1 хүн сураггүй алга болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 18 хүн нас барж, 1 хүн сураггүй алга болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Өчигдөр буюу мягмар гарагт түймэр бүх бүс нутагт эрчимтэй асаж байгаа тул улс даяар сэрэмжлүүлэг зарласан байна. 

Тус түймэр өнгөрөгч баасан гарагт Өмнөд Кёнсан мужаас эхэлсэн. Хүчтэй салхины нөлөөгөөр гал түймэр ойролцоох бүс нутгууд руу шилжиж, хүрээгээ улам бүр тэлсээр байна. Амиа алдсан иргэдийн хоёр нь Андун, гурав нь Чонсун, зургаа нь Ёньян, долоо нь Ёндуг хотоос олдсон бол сураггүй алга болсон иргэн Чонсуны оршин суугч аж. Мөн түймрийн улмаас 10 хүн орон гэргүй болсон бол хоёр хүн хүнд гэмтэл авчээ. 

Ёньян хотод нас барсан зургаан иргэний дөрөв нь автомашины зам дээрээс шатсан байдалтай олджээ. Өнөөдөр буюу лхагва гарагт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су түймэр цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдэн, "Түүхэн дэх хамгийн аймшигтай ой хээрийн түймэр" хэмээн тодорхойлсон байна. 

Одоогийн байдлаар түймэрт 17 мянган га ой, 209 байшин сүйдээд байгаа бөгөөд Шилла гүрний үед буюу 681 онд баригдсан эртний сүм болох Гоун мөн бүрэн шатаж, доторх эд өлгийн зүйлсийг нь өөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна. 

Баасан гарагаас хойш түймэр унтраахаар 5000 орчим цэргийн албан хаагч, 146 нисдэг тэрэг ажилласан бол Хойд Кёнсан мужийн шоронд хоригдож байсан 500 орчим хоригдлыг нэг шөнийн дотор өөр хорих анги руу нүүлгэн шилжүүлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu