БНСУ | Түймрийн улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

Өмнөд Солонгост дэгдээд буй ой хээрийн түймрийн улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрчээ. 

Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас газар авсаар байгаа түймэр долоон мужийг бүхэлд нь хамарч 31,000 гаруй га ой мод, байшин, сүм хийд, үйлдвэр зэрэг нийт 257 барилга байгууламж сүйджээ. Түймрийн улмаас 19 хүн шархдаж, 27 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Эрх баригчид хүн ам шигүү суурьшсан хэсэгт гарсан түймрийг унтраахаар 87 нисдэг тэрэг, 5421 албан хаагчийг дайчлахаар төлөвлөөд байгаа бөгөөд хүчтэй салхи түймэр унтраахад саад учруулж буй тухай дурджээ. 

Гал унтраах ажилд оролцож байсан нисдэг тэрэг өчигдөр өдрийн 12:54 цагт Уйсеон уулнаа осолдож, нисгэгч нь нас баржээ. Түймрийн улмаас амь үрэгдэгсдийн дийлэнх нь 60-аас дээш насныхан байсан бөгөөд хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй байсан тул ийнхүү түймэрт өртөн нас барах нь элбэг байгаа аж. Түймэр гарснаас хойш нийт 27.079 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Тэднийг ойролцоох сургуулийн спорт заланд байрлуулж байгаа бөгөөд галт тэрэг болон хурдны замуудыг хаажээ. 

Өнгөрөгч лхагва гарагийн шөнө гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад харилцаа холбоо тасарч, утас, интернэтийн үйлчилгээ түр саатжээ. Тус улсын батлан хамгаалах яамны мэдээлснээр түймэр гарснаас хойш нийт 6000 гаруй цэргийн алба хаагч, 242 цэргийн нисдэг тэрэг гал түймэр унтраах ажиллагаанд оролцсон тухай мэдээлсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu