Мьянмагийн Засгийн газар сөрөг хүчинтэйгээ эвлэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Мьянмагийн шинэ Засгийн газар  болон сөрөг хүчний удирдагч, Нобелийн Энхтайвны шагналт Аун Сан Су Жи улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын  төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа нотоллоо. Өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан  сайд  нарын танхимын төлөөлөгчид Су Житэй хийсэн анхны уулзалтаас гарсан мэдэгдлээс иш татан “Нью лайт оф Мьянмар” сонинд ингэж мэдээлжээ. Тус уулзалтад Засгийн газрыг төлөөлөн оролцсон Хөдөлмөрийн сайд Аунг Жигийн хэлснээр, энэ удаагийн зөвлөлдөөн нь хоёр талын харилцааг хэвийн болгох замыг нээж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хоорондын үл ойлголцлоо зохицуулахад тус дөхөм болох юм. “Харилцаагаа хэвийн болгох талаар хамтран ажиллах анхны алхмаа хийлээ, бид хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ” гэж эрх баригчдын төлөөлөгч хэлсэн байна.

Су Жигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх Үндэсний холбоо нам нь өнгөрсөн жил улс төрийн байгууллагуудын тухай шинэ хуулиар дахин бүртгэл явуулахад оролцохоос эрс татгалзсан учир тус намыг 2010 оны 11 дүгээр сард болсон Мьянмад болсон анхны парламентын сонгуульд оролцуулаагүй юм. Сонгуулийн дүнгээр цэргийн засгийн газар иргэний засгийн газраар солигдсон билээ. Шинэ Засгийн газар энэ оны гуравдугаар сарын сүүлчээр үүрэгт ажилдаа орсон байна. Гэвч сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй учраас Засгийн газартай ямар нэгэн яриа хэлцээ хийхээс татгалзаж байсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top