Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн Хятадад хориг тавих цаг болсон юм биш үү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28


 

Манай өмнөд хөршид улс төрийн нөхцөл байдал төвөгтэй болж байна. Хятад гүрэн дэлхийд тэргүүлнэ хэмээн гайхуулахын хажуугаар дотооддоо хүний эрхийг хөсөр хаяж буй ажээ. Эдийн засгийн харьцангуй өсөлт ч яахав. Харин эрх баригчид нь иргэдээ ялгаварлан гадуурхаж, дарангуйлж яавч болохгүй. Саяхан тус улсын “Ардчиллын алтан хараацай” Ай Вэй Вэй шоронгоос суллагдаад “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа үүнийг онцолж байлаа. Гэтэл өнгөрсөн сард нэгэн Хятад иргэн, хан үндэстэн залуу Өвөрмонголынхоо иргэнийг зориудаар хүнд даацын машинаар дайрч алсан. Энэ алуурчинг Хятадын хууль хяналтынхан өмөөрөх янзтай байсан тул Өвөрмонголчууд бослого, жагсаал зохион байгуулж, шаардлага тавин цаазын ял оногдуулахаар болсон юм. Энэхүү жагсаалын үеэр Хятадын цагдаа нар Өвөрмонгол иргэдийг бас л хэрцгийгээр зодож, бөөнөөр нь баривчилж байв. Үймээн цаашид нэлээд газар авах шинжтэй болоход харин Хятадын төр, засгийн тэргүүнүүд Өвөрмонголын эдийн засгийг хөгжүүлэх талаар ам уралдан ярьцгаасан. Гэвч хүний эрхийн байдал дээрдсэнгүй. Хэдхэн хоногийн өмнө дахиад л Хятад иргэд Өвөрмонголчуудын аминд хүрлээ. Түрүүнд нь жагсаалд оролцсоныхоо төлөө баривчлагдан хоригдож байгаад суллагдсан нэгэн залуу гэртээ ирээд болсон явдлаа ярьснаасаа болж хятадуудын гарт гэр бүлээрээ сүйрэв.  Үүнээс болоод Өвөрмонголчуудын дунд эсэргүүцлийн жагсаал цуглаан дахин өрнөж эхлээд байна. Хятадын цагдаа нар тэднийг өнөөх л хэрцгий аргаараа баривчлан хорьж, тамлан зовоож эхэллээ.

            Шинжаан-Уйгарт бас л хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Хэдэн жилийн өмнөөс Шинжаан-Уйгарын өөртөө засах орон тусгаар улс болохыг зорьсон. Ингэснийхээ төлөөсөнд олон зуун уйгар иргэдээ алджээ. Энэ сарын эхээр уйгарчууд Хятадын цагдаа нартай дахиад мөргөлдлөө. Уйгарын Их сургуулийн оюутан залуучууд яс, үндсээр ялгаварлан гадуурсан хятадуудын эсрэг жагсаал зохион байгуулсан юм. Тэдний жагсаалыг цагдаа нар галт зэвсэг, бороохой хэрэглэн хүчээр тараах үед 22 хүн амиа алдаж, 16 хүн баривчлагдаж, олон зуун хүн шархаджээ. Баривчлагдсан хүмүүсийг шоронгийнхон тамлан зодсоор алсан байна. Дэлхийн Уйгарын конгрессоос үүний дараахан “БНХАУ гэм зэмгүй хүмүүсийн амийг хороох үйлдэл удаа дараа гарч байгаа. Нотлох баримтуудыг бүрдүүлээд дуусч байна. Хүнийг яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурсаар байгаад нь харамсаж байна. Бид тун удахгүй Хятадын үнэн дүр төрхийг харуулсан ноцтой баримт дэлгэнэ” гэжээ.

            Төвдийн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжилж байна. Далай ламын тэрхүү уулзалтын дараахан Хятадын хан үндэстэнүүд төвд иргэдийг зодож танхайрчээ. Ийнхүү сүүлийн үед Хятад дахь хүний эрх ноцтой байдалд хүрлээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь тун гайхалтай. Хятад их гүрний удирдагчдын санаа бодолд үл нийцүүцсэн дүгнэлт гаргаж, дэлхий нийтийн анхаарлыг тийш нь хандуулахаас юундаа эмээгээд байгаа юм бол оо. Ер нь Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг ингэж илэрхий зөрчсөн Хятадад сануулга өгөх цаг нэгэнт болжээ. Хүний эрхийг дээдэлдэг улс орнууд энэ талаар дуу хоолойгоо нэгтгэн Хятадад хориг тавих алхам хийх л хэрэгтэй байна. Ингэх нь тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг биш болов уу

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top