БНСУ | Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөөдөр шүүнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах эсэх талаарх шүүх хурал өнөөдөр (2025.04.04) 11:00 цагт эхэлнэ. 

Шүүхийн шийдвэр түүнийг огцруулах санал гарснаас хойш 111 хоногийн дараа гарч буй бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 16 гэрчийг дуудаж, 11 удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, найман шүүгч хэргийг шүүхээр болжээ. 

Түүнийг Үндсэн хууль болон цэргийн байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, огцруулах саналыг дэмжвэл албан тушаалаас нь нэн даруй огцруулж, шүүхийн шийдвэр, гарснаас хойш 60 хоногийн дотор ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Ингэсэн тохиолдолд БНСУ-д ирэх тавдугаар сарын сүүлийн долоо хоногт сонгууль зохион байгуулагдах магадлалтай. 

Нөгөөтэйгүүр түүнийг хууль зөрчөөгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болговол Юн Сог Ёль тэр даруй ажилдаа эргэн орох боломжтой болох юм. Нийт найман шүүгчээс зургаа нь түүнийг огцруулах саналыг дэмжсэн тохиолдолд түүнийг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр болно. Шүүхээс гаргасан шийдвэрийг эцсийн шийдвэр хэмээн үзэж давж заалдах эрхгүйгээр шүүх аж. Шүүхийн үйл явцыг орон даяар шууд дамжуулах ба олон нийтэд нээлттэйгээр шүүхээр болжээ. 

 

 

Шүүхийн гадаа талбайд БНСУ-ын өнцөг булан бүрээс ирсэн олон зуун иргэн цуглажээ. Тэд өөрсдийн үзэл болдлыг илэрхийлэхийн тулд пүрэв гарагийн оройноос эхлэн ийнхүү цуглаж эхэлсэн байна. Эдгээр хүмүүс дунд Юн Сог Ёлийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн аль аль нь байгаа аж. 

Жагсаалд оролцож буй 61 настай Ян Хи Бу Өмнөд Кёнсан мужаас шөнө дундын үед Сөүл хүрэх хамгийн сүүлийн автобусанд суун иржээ. Тэрээр "Мэдээж 8:0 саналаар Юн Сог Ёлийг огцруулах ёстой. Түүний амнаас гарсан үг бүр худлаа байсан. Тэр ч бүү хэл шүүх хуралдааны үеэр худлаа ярьсаар байсан. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа" гэв. 

 

 

Тус жагсаалд оролцож буй 29 настай Пак Чи Мин пүрэв гарагийн оройн 19:00 цагийн үед иржээ. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш долоо хоног бүрийн амралтын өдөр жагсаалд оролцохоор ирдэг байсан ба "Эцэст нь шүүх хурал болж байгаа нь цээжнээс минь хүнд ачаа авч байгаа юм шиг санагдаж байна" гэжээ. 

Үүний зэрэгцээ Ангук цамхагийн эсрэг талд Юн Сог Ёлийг дэмжигчид цуглажээ. Эдгээр хүмүүс дунд байсан 33 настай Ким Кён Су "Шүүхээс түүний импичментийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт би  итгэж байна. Гэхдээ бүрэн дүүрэн батлагдаагүй тул санаа минь зовсон хэвээр байна. Ерөнхийлөгч дайны байдал зарласан нь сөрөг хүчний намын "хууль тогтоох дарангуйлал"-аас үүдэлтэй гэж үзэж байгаа" хэмээсэн байна.

 

 

Цагдаа нар Сөүл хотын төв даяар хамгаалалтаа чангаруулж, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн автобуснууд байршуулж, хот даяар цагдаагийн хамгаалалт гаргажээ. Сөүл хотын Ханнамду дахь Ерөнхийлөгчийн ордны ойролцоо Юн Сог Ёлийг цуглараад байгаа бөгөөд тэд шүүхийн шийдвэр гарсны дараа тэд Ерөнхийлөгчийн тамгын газар руу жагсахаар төлөвлөөд байгаа аж. 

Тус улсын Ерөнхийлөгч асан Ну Мү Хёныг огцруулах тухай шийдвэр 61 хуудас байсан бол Пак Гын Хегийнх 89 хуудас байжээ. Харин Юн Сог Ёлийнх үүнээс ч илүү урт байх төлөвтэй байгааг эх сурвалж онцолсон байна. Түүний хэрэг мөн түүхэн дэх хамгийн урт процетуртай Ерөнхийлөгчийг эргүүлэн татах үйл явц болж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu