СОНИН ХАЧИН I Есөн өдрийн хаанчлал

2025 оны 04 сарын 12

Хаан Эдвард VI таалал төгссөний дараа Англид хаан ширээ залгамжлах асуудал яригдаж эхэлжээ.

Протестант шашинтан байсан Эдвард католик хүн хаан болохыг хүсээгүй тул өөрийн үеэл Леди Жейн Грейг угсаа залгамжлагчаар зарлаж, хууль ёсны өв залгамжлагч болох эцэг нэгтэй эгч Мэри Тюдорийг орхигдуулсан байна. Гурван сарын турш улс төрийн шахалтад байсан 16-хан настай Леди Жейн Грей 1553 оны долоодугаар сарын 10-нд Английн хатан хаан ширээнд заларчээ. Гэвч түүний хаанчлал эхнээсээ бүтэлгүйтэх нь тодорхой байв.

Английн ард түмэн хатан хаан Мэри Тюдорийг өргөн дэмжсэн бөгөөд тэрбээр Английн хаан Хенри VIII болон Испанийн Кэтрин нарын охин тул хаан ширээнд хүчтэй өрсөлдөгч болох эрхтэй байв. Тиймээс ердөө есөн хоногийн дараа, 1553 оны 7-р сарын 19-нд Мэригийн талынхан Жейнийг огцруулж, ямар ч эсэргүүцэлгүйгээр эрх мэдлийг гартаа авсан юм.

Жейнийг Лондонгийн цамхагт хорьсон бөгөөд анхандаа хатан хаан Мэри түүнд өршөөл үзүүлэх бодолтой байсан ч 1554 онд протестантууд Мэрийн эсрэг бослого гаргаснаар Жейнийг хааны эсрэг заналхийлэл хийсэн гэж үзэж 1554 оны 2-р сарын 12-нд Жейнийг 16 насанд нь цаазалж, толгойг нь авсан аж. Түүний ердөө есөн хоног үргэлжилсэн хаанчлал Английн түүхэн дэх хамгийн богино хугацааны хаанчлал болж үлджээ.

Өдгөө түүнийг “Есөн өдрийн хаан” хэмээн нэрлэдэг бөгөөд тэр өөрөө ч хүсээгүй улс төрийн эрх мэдлийн золиос болжээ.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu