Бямба гарагт АНУ-ын бүх 50 муж даяар Ерөнхийлөгч Дональд Трамп, Илон Маск хоёрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөв. Энэхүү үйл ажиллагааг "Битгий оролц!" нэртэй ардчиллыг дэмжигч хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд тэд Трамп, Маск нарын үйлдлийг "дайсагнал, эрх мэдлийн дарангуйлал" хэмээн нэрлэж, Америкийн эрх чөлөө, хүний эрхийг зөрчсөн гэж буруутгаж байна.
АНУ даяар мужийн парламентын ордон, холбооны барилгууд, Конгрессын оффисууд, Нийгмийн даатгалын төв байр, цэцэрлэгт хүрээлэн, хотын захиргааны байр зэрэг 1,400 гаруй газарт олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагджээ. Зохион байгуулагчдын хэлснээр, "бидний дуу хоолойг сонсохоор хүрч болох бүхий л газарт" жагсаал болсон. "Битгий оролц!" хөдөлгөөн "Тэрбумтнуудын эрх мэдлийн дарангуйллын эсрэг" уриатай байлаа. Арга хэмжээний сурталчилгаанд: "Хэрэв та ардчилал руу чиглэсэн дайралт, ажлын байрны цомхотгол, хувийн нууцад халдсан явдал, нийгмийн үйлчилгээний доройтолд санаа зовниж байгаа бол энэ мөч танд зориулагдсан" гэж дурджээ.
"Бид энэхүү хямралд үндэсний хэмжээнд хүчтэй, харагдахуйц эсэргүүцэл үзүүлэхээр зорьж байна" хэмээн онцолсон байна. "Indivisible" нэртэй байгууллага болон иргэний эрхийн байгууллагууд, ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн эрхийн бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, LGBTQ+ хамгаалагчдын хамтарсан эвслийн зохион байгуулснаар, 600,000 орчим хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Лондон, Парис зэрэг томоохон хотуудад ч жагсаал болжээ. Яг хэдэн хүн оролцсоныг баталгаажуулаагүй ч "сая сая хүн" АНУ-ын зүүнээс баруун эрэг даяар оролцсон гэж мэдээлэв.
Зохион байгуулагчдын гол шаардлага нь:
Төрийн төлөөлөгчид жагсаалд үг хэлэв
Вашингтон хот дахь жагсаалын үеэр олон төлөөлөгч индэрт гарч үг хэлжээ. Тухайлбал, Мэрилэнд мужийн Ардчилсан намын төлөөлөгч Жэйми Раскин Трампыг "Муссолинигийн улс төр, Херберт Хүүверийн эдийн засаг" хэмээн шүүмжилсэн байна. "Манай Үндсэн хууль 'Бид, ард иргэд' гэж эхэлдэг болохоос 'Бид, дарангуйлагчид' гэж эхэлдэггүй" хэмээн Раскин Вашингтоны дурсгалын хөшөөний өмнө цугласан олон мянган иргэдэд хэлжээ.
"Ёс суртахуунтай хэн ч эдийн засгийг сүйтгэгч дарангуйлагчийг хүсдэггүй." Жагсаалд оролцогчид АНУ-ын өнцөг булан бүрээс нийслэл рүү цугларч, засаг захиргааны бодлогыг эсэргүүцэж байв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугларсан хүмүүс "Трамп огцор!" хэмээн уриалж, "Манай Үндсэн хуулийг хамгаал!" "Бидний эрхэнд бүү халд!" гэсэн уриатай самбар барьжээ.
Вашингтоны жагсаалд Миннесота мужийн Ардчилсан намын төлөөлөгч Илхан Омар: "Хэрэв бид хууль ёсны үйл явцад итгэдэг улс орныг хүсэж байгаа бол бид үүний төлөө тэмцэх ёстой" гэж хэлсэн байна. Флорида мужийн төлөөлөгч Максвелл Фрост жагсагчдыг эсэргүүцлийн арга хэмжээнд оролцох, харилцан туслалцах санд хандив өгөх, шууд үйлдэл хийх, хууль тогтоомжийн стратегид анхаарахыг уриалав.
Фрост "Түүхэнд дарангуйлагчдын эрх мэдлийн төлөөх шунал ханаж байсан удаагүй” гэжээ. ЛосАнжелест жагсагчид Хотын захиргааны зүг тойрог замаар алхаж, "Ард түмэнд ч бас эрх мэдэл бий!" хэмээн уриалж, "Боловсролд бүү гар хүр!" "Эсэргүүц, эсэргүүц!" гэсэн бичигтэй самбар өргөжээ.
Трамп Ерөнхийлөгч болсноос хойш түүний засаг захиргаа холбооны төсвийг хасахыг зорьж ирсэн. Олон мянган холбооны ажилчдыг ажлаас халах, шууд халах мэдэгдэл гаргах зэргээр засгийн газрын цар хүрээг багасгах төлөвлөгөөг Трамп, Маск нар хэрэгжүүлж байна.
Дэлхийн хамгийн чинээлэг хүн гэгддэг Илон Маск төрийн зардлыг бууруулах бодлогыг хүчтэй дэмжиж, олон нийтэд төрийн зарлагын талаар удаа дараа худал мэдээлэл тарааж иржээ. Тэрбээр дэлхийн хамгийн ядуу, хамгийн их хэрэгцээтэй хүмүүст тусламж үзүүлдэг USAID агентлагийг эрх мэдэлдээ байлгаж буйгаа бахархалтайгаар мэдэгдсэн. Трампын баг мөн АНУ-ын сонгуулийг хамгаалдаг холбооны ажилтнуудыг чөлөөлж, гадаад дахь эмзэг ардчиллуудыг дэмждэг гадаад тусламжийн хөтөлбөрүүдийг татан буулгасан нь АНУ олон арван жилийн турш баримталсан ардчиллын үнэт зүйлсийг орхигдуулсан гэж одоогийн болон хуучин албан тушаалтнууд хэлжээ. 73 сая орчим америкчуудад сар бүр тэтгэмж олгодог Нийгмийн даатгалын газар томоохон бүтцийн өөрчлөлтөд орж, олон мянган ажилтныг цомхотгоод байна. Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авч, ICE-г цагаачдыг баривчлах ажлаа эрчимжүүлэхийг шаардаж, олноор нь албадан гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа ч өмнөх долоо хоногт энгийн нэгэн иргэнийг Сальвадор руу албадан гаргах зэрэг ноцтой алдаа гаргасан байна.
Фрост "Тэд цагаачид манай ажлын байрыг булааж байна гэж хэлдэг ч үнэндээ өөрсдөө ажлын байрыг гадаад руу зөөж, үйлдвэрчний эвлэл задлах хуульчдыг хөлсөлдөг" гэж мэдэгдээд, "Тэд трансжендер хүмүүсийг хүүхдүүдэд аюул учруулна гэж хэлдэг ч үнэндээ боловсролын тогтолцоог устгаж, уур амьсгалын хямралыг бодитойгоор авч үздэггүй, галт зэвсгийн хэрэглээ, аюулыг үл тоомсорлодог" гэж нэмж хэлсэн байна.
Трампын баг уур амьсгалын шинжлэх ухааныг байнга үгүйсгэж, автомашин болон эрчим хүчний станцуудын бохирдлыг хязгаарлах дүрмийг цуцлах төлөвлөгөөг зарласан нь цэвэр агаар, ус, уур амьсгалын үйл ажиллагааны тал дээр Америкийн ахицыг ухрааж байна. Фрост АНУ дахь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг "авлигач баячууд болон том корпорацуудын дэмждэг дарангуйллын систем" хэмээн тодорхойлсон. Колумбийн их сургуульд жагсаалд оролцсон гэх шалтгаанаар ногоон картыг нь цуцалсан Палестины дүрвэгч Махмуд Халилийн баривчилгаа нь Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөө үнэхээр хэрэгжиж чаддаг эсэхэд эргэлзээ төрүүлжээ. "Ард иргэд Трамп, Маск нарын мөнгө, эрх мэдэлд хохирч байна. Энэ бол зөвхөн мөнгөний асуудал биш, эрх мэдлийн тухай асуудал" гэж "Битгий оролц!" хөдөлгөөнөөс мэдэгдсэн байна.
Жагсаалууд ерөнхийдөө тайван болж өнгөрсөн ч Индианагийн Лафайетт хотын төвд нэгэн эр машинаасаа урт буу гарган жагсагчдын зүг явсан тохиолдол гарчээ.
Х.Энхболд
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Еэээ, тавьж байгаа агуулга шаардлагыг нь ээ, цагаачид ЛГБТ -г дэмжие ч гэх шиг, засгийн газрын авилгын эсрэг ч гэх шиг, харин ч Трамп Маск нар авилгатай хатуу тэмцэж байгаа байх шүү.
Еэээ, тавьж байгаа агуулга шаардлагыг нь ээ, цагаачид ЛГБТ -г дэмжие ч гэх шиг, засгийн газрын авилгын эсрэг ч гэх шиг, харин ч Трамп Маск нар авилгатай хатуу тэмцэж байгаа байх шүү.