АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 4-нд "үхэж буй" Холливудыг сэргээх, өөрийн улс дахь ажлын байрыг сэргээх зорилгоор гадаадад үйлдвэрлэгдсэн бүхий л кинонд 100 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа зарласан. Энэ нь дэлхий дахиныг байлдан дагуулж эхлээд буй Өмнөд Солонгосын энтертайнмент салбарт эрсдэл учирч болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж эхэлжээ.
Дональд Трамп гадаадын кино мэргэжилтнүүдэд орон зайгаа алдсан Холливудыг аврахын тулд Жон Войт, Сильвестер Сталлоне, Мел Гибсон нарыг "Тусгай элч"-ээр томилж, холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Өмнөд Солонгосын Кино зөвлөлийн мэдээлснээр Трампын тогтоож буй тарифын бодлого нь Солонгос киноны салбарт богино хугацаанд багахан нөлөө үзүүлнэ гэжээ. Учир нь АНУ нь Солонгосын нийт киноны экспортын багахан хувийг эзэлдэг байна.
2024 онд Өмнөд Солонгос 41.39 сая ам.долларын өртөг бүхий кино бүтээл экспортложээ. Үүнээс ердөө 4.21 сая ам.доллар буюу 10 орчим хувь нь л АНУ-д экспортлогджээ.
Нөгөөтэйгүүр тус улсын кинонууд стриминг платформууд дээр түлхүү тавигдаж байгаа учраас бокс оффист орох магадлал буурч эхэлж магадгүй хэмээн зөвлөлөөс мэдээлжээ. Мөн энэхүү үйлдэл нь Солонгосын Засгийн газрын кино үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг эсэргүүцэх зорилготой улс төрийн бодлого байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )