Энэ оны зургаадугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад тус эвслийн удирдлага Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын удирдагчдыг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа тухай Японы телевизийн NHK суваг мэдээлсэн байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх чиглэл баримталж байгаа НАТО зургаадугаар сарын 24-25-нд Гаага хотод болох дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Ази дахь түнш орнуудтай тусдаа хуралдаан зохион байгуулахаар төлөвлөөгүй хэдий ч тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте дээрх орнуудын удирдагчидтай уулзаж магадгүй ажээ.
NHK телевизийн тэмдэглэснээр, эдийн засаг болон аюулгүй байдлын салбарт Орос, Хятадын харилцаа бэхжиж байгаа өнөө үед НАТО Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа холбоогоо улам бэхжүүлэх бодлого баримталж байгаа юм байна. НАТО-гийн дээд хэмжээний энэ уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зургаадугаар сарын 3-нд болох сонгуулиар сонгогдох шинэ ерөнхийлөгчтэй уулзаж болзошгүй ажээ.
Сүүлийн жилүүдэд Япон улс НАТО-той хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байгаа бөгөөд тус улсын ерөнхий сайд эвслийн дээд хэмжээний уулзалтад хэд хэдэн удаа оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )