UFC-гийн Дэлхийн аварга асан ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов октагоноо орхисон ч гэлээ залгамж халаагаа бэлдэж, тамирчдын бэлтгэлийг хийлгэж, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Мөн спортын томоохон үйл ажиллагаа, үдэшлэгүүдэд ч идэвхтэй оролцох болсон.
Мэргэжлийн тулаанчийн хувьд 27 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан Хабиб өнгөрсөн долоо хоногт үдэшлэгийн үеэр нэгэн эмэгтэйтэй хамт зураг даруулахаас татгалзсан бичлэг TikTok-оор тарсан юм.
36 настай Хабибаас татгалзсан хариулт сонссон эмэгтэй удалгүй эргэн очиж, хамтдаа зураг даруулжээ. Хамт зураг даруулахдаа гартаа хундагагүй болчихсон байгааг интернэт хэрэглэгчид анзаарсан байна. Ингээд Хабибын яагаад эхлээд татгалзсаны учрыг олсон гэнэ.
Хабиб Нурмагомедов мусульман тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэх хориотой. Коран сударт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхийг хориглосон байдаг аж. Тиймээс Хабиб гартаа согтууруулах ундааны төрлийн зүйлтэй хундага барьсан эмэгтэйд эхлээд татгалзаж, дараа нь хундагагүй ирэхэд нь зураг даруулжээ.
“Амьдралдаа зарчим сайн баримталдаг. Шүтлэг, үнэт зүйлдээ үнэнч хүн” гэж нэгэн хэрэглэгч магтсан бол өөр нэгэн “Мөнгө энэ хүнийг өөрчилсөнгүй ээ” гэжээ.
“Зарим хүн өөрийгөө мусульман гэдгээ харуулахаас ичдэг юм. Зарим хүнд таалагдахгүй гэж эмээдэг ч байх. Хэн, юу гэх нь ямар хамаа байна аа? Би лав шүтлэгээсээ сайн хүн байх, гэр бүлдээ хайртай хүн байхыг сурч авсан. Би сайн хөрш бас сайн найз. Яагаад гэвэл би шашин шүтлэгээ дагадаг. Миний итгэл үнэмшлээс үүддэг. Хүн бүр өөрийн гэсэн замтай. Би өөрийнхөө яваа зам, чанарыг харуулахыг хүсдэг. Түүгээрээ ч бахархдаг” гэж Хабиб ярьж байсан удаатай юм.
Үүнээс өмнө Европын Аваргуудын лигийн финалын үеэр хөтлөгч нартай уулзан ярилцахдаа Хабиб бүгдтэй нь гар барьсан ч эмэгтэй хөтлөгч Кейт Скоттыг гараа сунгахад нь бариагүй юм. Энэ нь мөн л түүний шашин шүтлэгтэй холбоотой байсан.
Сэтгэгдэл ( 1 )
29-0