Хөгжлийн бэрхшээлтэй гудамжны худалдаачны амийг хөнөөснөөс эмх замбараагүй байдал үүсжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Хятадын Гуйжо мужийн Аньшунь хотод худалдааны захын үүдэнд наймаа хийдэг гудамжны худалдаачны амийг хөнөөснөөс үүдэн олныг хамарсан эмх замбараагүй явдал гарсныг цагдаагийнхан дарсан тухай BBC мэдээлжээ. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол зах дээр жимс зардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нутгийн эрх барих байгууллагын төлөөлөгчид үхтэл нь зодсон аж. Үүний дараагаар хилэгнэсэн олон хүн гудамжинд гарсан байна. Хятадын төрийн хэвлэлүүдэд мэдээлснээр цугласан олон цагдаагийнхан руу чулуу нүүлгэж, түшмэд болон цагдаагийнхны автомашиныг хөмөрч байжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 30 орчим хүн, 10 цагдаа шархадсан  байна.  Хөгжлийн  бэрхшээлтэй худалдаачны үхлийн шалтгааныг түүний цогцсонд задлан шинжилгээ хийж тогтооно гэж эрх баригчид мэдэгджээ. Өнгөрсөн зургадугаар сард Гуаньдунь мужид ийм цуу ярианаас болж эмх замбараагүй явдал үүссэн юм. Тус мужид жагсагчид авлига болон уугуул бус үндэстнүүдийг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцсэн байна. Улсын “Чайна Дэйли” сонинд мэдээлснээр Аньшунь хотын эрх баригчид гудамжны худалдаачны үхсэн баримтыг нотолсон боловч түүний үхлийн шалтгааныг огт тайлбарлаагүй ажээ. Хотын цагдаагийн газраас Синьхуа агентлагт урьд нь мэдээлснээр амиа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн “нутгийн эрх баригчдын төлөөлөгчидтэй маргасан” байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top