АНУ-д аагим халуун болсноос 64 хүн амьсгал хураажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

АНУ-ын төв болон зүүн эргийн дагуу аагим халуун болж байгаагийн улмаас 64 хүн амьсгал хураасан тухай тус улсын Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ. Тус улсын Оклахом, Канзас, Миссури, Иллинойс муж улс зэрэг төвийн бүс нутаг болох гол 15 муж улсад хүний амь эрсэдсэн байна. Сүүлийн өдрүүдэд зүүн эргийн дагуу агаарын температур нэлээд бууж байгаа ч, төвийн нутгуудаар ойрын өдрүүдэд урьдын адил 40 хэмийн халуун өдрүүд үргэлжлэх ажээ. АНУ-ын эрх баригчид хэт халуун байгаа учир онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй, их хэмжээний шингэн ууж, спортын ямар нэгэн дасгал сургууль хийхгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Томоохон хотуудад тэсэхийн аргагүй халуунд оршин суугчид хоргодож болох сэрүүцүүлэх тусгай төвүүдийг нээжээ. Үүний сацуу сэрүүцүүлэх төхөөрөмж олноор нь ажиллуулж байгаагийн улмаас эрчим хүчний сүлжээ ачааллаа даахгүй байгаа учир зарим нутгийн оршин суугчид гэрэл цахилгааны тасалдалд орж буй аж. Байгалийн хүнд нөхцөл Америкийн фермерүүдийн сэтгэлийг ч их түгшээж байна. Тодруулбал, Айова муж улсад аагим халуун байгаагийн улмаас 4000 толгой мал хорогджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top