БНСУ-д энэ сарын 26-аас эхлэн орсон ширүүн бороо жил орох хурын хэмжээтэй тэнцэхээр их орж дэлхий дахиныг шуугиулсан. Өнгөрсөн 28-ны шөнө Кёнги ду, Гуанжү ши, Күнгжуамд орсон их борооны улмаас Солонгос улсад амьдарч байсан манай улсын хоёр иргэн амиа алдсан юм. Гадаад харилцааны яамнаас тэдний ар гэрийхэнтэй холбоо тогтоож, удахгүй Солонгос улс руу талийгаачдын ар гэрийхнийг явуулахаар болжээ. Өмнөд Солонгост болж буй гамшгийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо өссөөр байна. Үерийн улмаас их хэмжээний хөрс гулгаж байшин барилга нурах гэх мэтээр их хэмжээний хохирол учраад байгаа юм. Засгийн газрийн хэвлэлийн төлөөлөгч Ким Мин Сеок-ийн “Ёнхап” агентлагт өгсөн мэдээллээр хохирлын хэмжээ хэдийнэ зуун сая ам.доллараар хэмжигдэх болсон гэжээ. Өмнөд Солонгост тохиосон үер усны гамшгаас болж биржүүд дэх хувьцааны үнэ унаж байгаа талаар тус улсын мэдээллийн сайтууд мэдээлж эхэллээ. Мэдээлэлд, байгалийн гамшиг тохиосны улмаас Азийн томоохон эдийн засгийн хөдөлгүүрүүдийн нэг болох Өмнөд Солонгосын эдийн засаг ихээхэн хохирол амсах бололтой. Олон улсын шинжээчид Японд дараа нь Өмнөд Солонгос гэх мэт Азийн эдийн засгийн бизнесийн төв цэг болсон орнууд байгалийн гамшгийн улмаас эдийн засаг нь хохирч байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Яг энэ цаг мөчид АНУ-ын өрийн тухай асуудал Засгийн газар болон Конгрессийн хоорондох үл ойлголцол, тохиролцооны мухардлаас үүдэн дэлхийн томоохон биржүүд дээрх ханшууд сөргөөр нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлж байна. Гэтэл дээрээс нь нэрмээс болж Өмнөд Солонгос, Филиппин зэрэг Азийн орнууд байгалийн гамшигт өртөж Хонконг зэрэг Азийн томоохон биржүүдийн индексүүд сөрөг үзүүлэлттэй болж байгаа нь Азийн төдийгүй дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөө үзүүлж болох тухай яригдаж эхэллээ. АНУ-ын эдийн засаг болон түүнтэй амин судсаар холбогдсон Япон, Солонгосын эдийн засаг эвгүйтээд ирвэл дэлхийн санхүүгийн хямрал дахин нүүрлэж болох юм.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )