Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүйгээ мэдэгдлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өөрийн фейсбүүк хуудсаараа мэдэгдэл гаргаж, Монгол ардын намын даргад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. Тэрээр улс төрийн тогвортой байдлыг хангах үүднээс нэр дэвшихгүй гэж шийдсэн байна. Д.Амарбаясгалан мэдэгдэлдээ:

Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна” гэсэн байна.

Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд эрх баригч Монгол ардын намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүссэн. Монгол ардын намын VIII бага хурал есдүгээр сарын 27-28-ны өдөр болоход УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдсон. Үндсэндээ хоёр шатны санал хураалт явагдахад эхний шатанд Д.Амарбаясгалан 58 хувь, Г.Занданшатар 42 хувийн санал авсан. Нэр дэвшигчдийн аль нь гуравны хоёрын босго даваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулж хуралд оролцсон 321 гишүүний 275 хүний саналаар Д.Амарбаясгалан сонгогдсон билээ. Гэвч энэ шийдвэрийг намын гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хоёр хуваагдаад байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top