ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кремлийн Екатеринагийн танхимд Төрийн дээд шагнал одон, медалийг тус улсын янз бүрийн салбарын шилдэг тэргүүний төлөөлөгч 40 хүнд гардууллаа.Үүнд ОХУ-ын Төрийн Думын дэд тэргүүн Владимир Жириновский, Ардын жүжигчин Вера Васильева, Анатолий Кузнецов, ЗХУ-ын маршал Сергей Соколов, ИТАР-ТАСС агентлагийн ерөнхий захирал Виталий Игнатенко зэрэг хүн багтсан юм. Оросын мэдээллийн ууган агентлаг ИТАР-ТАСС-ын тэргүүн Виталий Игнатенко "Эх орны төлөө" II зэргийн одонгоор энгэрээ мялаав. Тэрбээр Леонид Врежневын үед ЗХУКН-ын ТХ-ны Олон улсын мэдээллийн хэлтэст, Михаил Горбачёвын үед Хэвлэл мэдээллийн албаны тэргүүн, Виктор Черномырдиний үед Засгийн газрын шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд хариуцлагатай төрийн дээд алба хашихын зэрэгцээ байнга хэвлэн нийтэлж байдаг, хэд хэдэн ном бичиж олны хүртээл болгосон уран бүтээлч юм. 2008 онд ЮНЕСКО-гийн Сайн санааны Элчин сайд өргөмжлөлийг гардаж байсан түүний тэргүүлдэг ИТАР-ТАСС агентлаг МОНЦАМЭ агентлагийн эртний түнш. 2006 оны 12 дугаар сард хоёр агентлаг мэдээллийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн 5-р сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-д хийсэн анхны албан ёсны айлчлалынхаа үеэр ИТАР-ТАСС агентлагийн ажилтай танилцаж, тус агентлаг дээр Оросын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн тэргүүн нартай уулзалт хийсэн нь хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны түүхэнд чухал хуудас болсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )