Дональд Трамп Ши Жиньпинтэй хийх уулзалтаа хойшлуулахыг хүсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодын дайны улмаас Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийх дээд хэмжээний уулзалтаа хойшлуулах хүсэлт гаргажээ. Тэрээр Ормузын хоолойг нээлттэй байлгах асуудалд анхаарах шаардлагатай гэж үзэж, уулзалтыг нэг сарын дараа хийх санал тавьжээ.

Трамп 2026 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны өдрүүдэд Бээжинд айлчлан АНУ болон Хятадын харилцааны талаар дахин хэлэлцээр хийх байсан. Гэсэн ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас энэхүү уулзалтаа хойшлуулахыг хүсэн, ийнхүү уулзалтаа хойшлуулж буй нь ямар нэгэн улс төр хийх гэсэн оролдлого биш хэмээн тайлбарласан байна. 

Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас дэлхийн газрын тосны үнэ 40–50 хувиар нэмэгдсэн. Ормузын хоолой хаагдах нь эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй тул Дональд Трамп холбоотон орнуудаасаа тусламж хүсээд байна. 

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны тавны нэг нь дамждаг. Япон улс тус хоолойгоор дамжуулан газрын тосныхоо 95 хувийг авдаг бол БНХАУ 90 хувь, Өмнөд Солонгос 35 хувиа авдаг. Тиймээс Трамп холбоотон улс орнуудаад Ормузын хоолойг хамгаалахад уриалан, цэргийн хүч илгээхийг хүсжээ. 

Одоогийн байдлаар түүний энэхүү саналыг дэмжсэн улс байхгүй байгаа нь Дональд Трампыг хатуу шүүмжлэл хэлэхэд хүргээд байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top