Ц.Гэрэлгуа, БНХАУ, Санья хот
Азийн элсний наадам нь Азийн Олимпын зөвлөл (OCA)-өөс зохион байгуулдаг Азийн олон төрөлт спортын таван том наадмын нэг бөгөөд далайн эрэг, усан спортод чиглэсэн хамгийн том олон төрөлт спортын арга хэмжээ юм.
Азийн элсний VI наадам нь 2026 оны дөрөвдүгээр сарын 22-30-ны хооронд БНХАУ-ын Хайнань мужийн Санья хотод үргэлжилнэ. Тус наадам 14 төрлийн спорт, нийт 15 салбар, 62 төрлийн тэмцээнээс бүрдэнэ.
Тухайлбал, усан спорт (ил задгай усанд сэлэлт, усан поло), сагсан бөмбөг (3х3), элсний хөнгөн атлетик, бөх (элсний бөх), луу завины уралдаан, хөлбөмбөг (элсний хөл бөмбөг), гар бөмбөг (элсний гар бөмбөг), кабадди (элсний кабадди), жиу-житсу, дарвуулт спорт, спорт авиралт, текбол, триатлон (акватлон) болон волейбол (элсний волейбол) багтжээ.
Азийн 45 үндэсний Олимпын хорооны баг тамирчид энэ удаагийн наадамд оролцож байна.
Наадмын тэмдэг (Emblem) Санья 2026 наадмын тэмдгийг “Мандаж буй дарвуул” (Rising Sail) хэмээн нэрлэсэн бөгөөд тод нар, далай тэнгис, Хайнань арлын онцлог шинжүүдийг хослуулан илэрхийлсэн байна.
Энэхүү тэмдэг нь гүн тэнгисийн хөх, ногоон цэнхэр, наргил модны ногоон, далайн эргийн шар, нарны улбар шар зэрэг өнгийн давхарласан хэсгүүдээр “6” тоог дүрсэлсэн нь наадмын зургаа дахь удаагийн зохион байгуулалтыг бэлэгдэж байна. Тэмдэг нь зөвхөн Хайнанийн бүс нутгийн өвөрмөц онцлог, Санья хотын далайн аялал жуулчлалын хот болох төрхийг харуулаад зогсохгүй, Хайнанийн ард түмний зориг тэвчээр, мөрөөдлөө даган урагшлах хүсэл эрмэлзлийг илэрхийлжээ.

Бэлэг тэмдэгт дүр (Mascot) Бэлэг тэмдэгт дүрийн загвар нь Хайнань болон энэ арлын уугуул амьтан болох Элдийн буга (Eld’s deer)-ын салшгүй холбооноос санаа авч бүтээгджээ. Энэ амьтан нь “Хайнань арлын эльф” хэмээн алдаршсан, Хятадын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад байдаг ховор амьтан юм.
Бэлэг тэмдэгт дүрийг “Я Я” (Ya Ya) гэж нэрлэсэн бөгөөд энэ нэр нь Санья болон Ази тивтэй холбогдох утгыг илэрхийлдэг. Энэ нь Санья, Ази болон дэлхийн бусад хэсгүүдийн хоорондын идэвхтэй, харилцан уялдаа холбоог бэлэгджээ. “Я Я”-гийн шаламгай хөдөлгөөн нь далайн эргийн спорт, усан спортын эрч хүчийг илтгэхийн зэрэгцээ “Хамтдаа илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” гэсэн үзэл санааг илэрхийлнэ.



Сэтгэгдэл ( 0 )