Хиймэл оюунт туслахуудын дэлхийн зах зээл дээр ChatGPT чатботын эзлэх хувь 50-иас доош буураад байна.
Энэ оны тавдугаар сарын сүүлийн байдлаар, OpenAI компанийн үйлчилгээний эзлэх хувь 46.4 хувь болж буурчээ. Энэ оны нэгдүгээр сард энэ үзүүлэлт 50 гаруй хувь байжээ. Харин “Google” компанийн Gemini 27.7 хувь, “Anthropic” компанийн Claude чатбот 10 гаруй хувийг эзэлж байна.
Хэдийгээр зах зээл дээрх хувь хэмжээ буурч байгаа ч ChatGPT чатботыг дэлхий даяар сард 1.1 тэрбум гаруй хэрэглэгч ашиглаж байна. Хоёрт, 662 сая хэрэглэгчтэй Gemini, гуравт 245 сая хэрэглэгчтэй Claude оржээ.
Хэрэглэгчид хиймэл оюуны сервис хооронд шилжих нь нэмэгдсэнийг шинжээчид онцолж байна. “OpenAI” компани АНУ-ын батлан хамгаалах яамтай хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл гарсны дараа тус апп-ыг устгах нь нэмэгджээ. Энэ нь тухайн компанийн үйлчилгээнээс гадна үнэ цэн хэрэглэгчдэд чухал байгааг илтгэж байна.
Gemini чатботын хэрэглээ нэмэгдэж байгаа нь Google экосистемийн интеграцтай холбоотой бол Claude нарийн мэргэшлийн даалгаврын шийдлийг эрэлхийлэгч хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байна. Claude чатботын хэрэглэгчдийн 13 хувь нь төлбөрт үйлчилгээ авч байгаа нь хиймэл оюунт туслахуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ оны эхний хагаст 2.3 тэрбум хэрэглэгч хиймэл оюун ухааны апп-уудыг татаж авч, үүнд 4.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ийм апп хэрэглэх нийт хугацаа нь энэ оны эхний хагаст 36 тэрбум цаг болсон бол өнгөрсөн оны мөн үед 17.2 тэрбум цаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )