Хятадын хиймэл оюун ухаантай DeepSeek чатботыг хэрэглэхийг хоригложээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 31

Америкийн Конгрессын гишүүдэд хятадын хиймэл оюун ухаантай DeepSeek чатботыг хэрэглэхийг хориглох тухай албан бичгийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хороодод тараасан байна.

DeepSeek чатботын асуудлыг одоо АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж байгаа бөгөөд албан ёсоор хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа ажээ. Үүнээс өмнө Италийн хувийн мэдээллийг хамгаалах газраас хятадын DeepSeek программыг хаах захирамж гаргасан байна. Италид ажилладаггүй бөгөөд Европын Холбооны хэм хэмжээнд захирагдахгүй гэсэн мэдэгдэл Хятадын компаниас ирсэн учраас ийм шийдвэр гаргасан гэнэ.

БНХАУ-ын DeepSeek компани R1 чатботын шинэ хувилбарыг энэ оны нэгдүгээр сарын 20-нд гаргасан бөгөөд OpenAI компанийн тэргүүлэх ChatGPT хувилбараас илүү болсон гэж мэдэгдсэн юм.

Шинжээчдийн тэмдэглэснээр, Хятадын судлаачид уг хувилбарыг боловсруулахдаа OpenAI компаниас хамаагүй бага зардал гаргасан байна. Хятадын DeepSeek компани OpenAI компанийн хиймэл оюун ухааны технологийг зөвшөөрөлгүйгээр олж авсан байх магадлалтай хэмээн Microsoft болон OpenAI корпорацууд үзэж байгаа тухай Блүмберг агентлаг мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu