БНХАУ-ын Шишкаан-Уйгурын өөртөө засах орны Кашгар хотод энгийн номхон иргэд рүү зэвсэглэн халдсан хэргийг шашны хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл үйлдсэн бөгөөд тэдний дотор хилийн чанад дахь террористуудын хуаранд бэлтгэл хийсэн босогчид байсан гэж тус хотын засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Урьдчилсан мөрдөн шалгалтаас үзвэл, халдлагыг зохион байгуулсан гэмт этгээдүүд тэсрэх төхөөрөмж бэлтгэх туршлагатай байжээ. Тийм туршлагыг Пакистаны нутаг дэвсгэр дэх «Лалын дорнод Туркестан» хуаранд эзэмшдэг байна. Тэд Шинжаанд террорист халдлага үйлдэхээр ирсэн гэж засгийн газрын мэдэгдэлд тодруулжээ. Өнгөрөгч ням гарагт зэвсэглэсэн гэмт этгээдүүдийн бүлэглэл Кашгар хотын төвд цуврал дэлбэрэлт үйлдэж, энгийн номхон иргэд рүү халдсан юм. Энэ хэргийн улмаас энгийн зургаан иргэний амь үрэгдэж, 15 хүн, тэдний дотор цагдаа шархаджээ. Халдлага үйлдсэн таван хүнийг цагдаагийнхан буудан хороосон ба одоо энэ халдлагад оролцсон бусад гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд гарсан хоёр дахь хэрэг болж байгаа юм. Долдугаар сарын дундуур Хотан хотод цагдаагийн хэсэг рүү халдсан хэрэг гарч, 18 хүний амь эрсэдсэн билээ. Цагдаагийн хэсэгт халдсаныг хятадын эрх баригчид «урьдчилан төлөвлөсөн террорист халдлага» хэмээн нэрлэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )