ОХУ, Персийн булангийн орнууд аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ-аас санал болгосон Персийн булангийн аюулгүй байдлын шинэчилсэн үзэл баримтлалыг ирэх намар болох сайд нарын уулзалтын үеэр хэлэлцэнэ гэж ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Георгий Борисенко мэдэгджээ.

АНУ, Израил Ираны эсрэг түрэмгийлэл үйлдсэнээс үүдэн тус бүс нутагт хямрал үүссэнтэй холбогдуулан Оросын талаас Персийн булангийн аюулгүй байдлын үзэл баримтлалд нэмэлт, өөрчлөлт оруулан Персийн булангийн орнуудад энэ сарын эхээр танилцуулсан байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын ярьснаар, үзэл баримтлалд бүс нутгийн орнууд харилцан үл довтлох, цэргийн салбарын тунгалаг байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх заалтуудыг тусгажээ.

Персийн булангийн орнууд үзэл баримтлалын төслийг хэлэлцэх сонирхлоо илэрхийлсэн гэж Борисенко онцолжээ. Төслийг ОХУ, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн сайд нарын түвшний уулзалтаар хэлэлцэх хүлээлттэй байна. Оросын тал төслөө Арабын түнш орнууд, тэр дундаа Ирантай хоёр талын хүрээнд ярилцаж байгаа бөгөөд бүх оролцогчдын сонирхолд нийцүүлж боловсронгуй болгож буйг Борисенко тодруулжээ.

Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийг Бахрейн даргалж байгаа бөгөөд ирэх намраас Саудын Араб даргална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top