Наадмын таавар эвдсэн бөхчүүд хэн бэ?

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын их баяр наадмын дөрвийн давааг оноолт болгоод 20 гаруй жил өнгөрч байна. Улсын цолны “найраа”-г багасгахын тулд Монгол бөхийн ам авах ёсыг энэ даваанд “мартаж”, оноодог.

Энэ жилийн дөрвийн давааны оноолт улсын цолонд ойрхон гэгдэж буй аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн хувьд тун хатуухан гэмээр таарсан.

Гэхдээ  улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар нарын зэрэг дээгүүр даваанд цолоо ахиулахаар барилдана гэж таамаглаж байсан бөхчүүд өвдөг шороодлоо.

Тухайлбал, улсын аварга О.Хангайг Завхан аймгийн арслан Б.Сундуйжав, улсын арслан Ц.Бямба-Отгоныг цэргийн заан /аймгийн арслан/ Б.Гончигсүрэн, улсын заан Б.Пүрэвсайханыг Архангай аймгийн арслан Б.Шаравдорж, улсын харцага Б.Зоригтбаатарыг аймгийн арслан М.Баяржавхлан нар давж, улсын начин цолны төлөө барилдахаар шалгараад байна.

Энэ жилийн Улсын их баяр наадмын дөрвийн даваанд улсын цолтой 56 бөх шалгаран үлдсэн бол сумын цолтой 1, аймгийн начин цолтой 2, аймаг, цэргийн заан цолтой 6, аймаг, цэргийн арслан 63 бөх барилдлаа.

Одоогоор тавын зүүний магнайд дархан аварга Н.Батсуурь, барууны магнайд улсын аварга П.Бүрэнтагс, зүүний дагавар магнайд улсын арслан Ц.Содномдорж, барууны дагавар магнайд улсын арслан Б.Орхонбаяр нар гарахаар болоод байна.

Монгол бөхийн түүхэнд 2001 оны Улсын их баяр наадмаар хүчит 1024 бөх барилдуулахад 32 бөх тавд давсанаас 17 нь улсын начин цолны босгыг шинээр давж, гурав нь улсын харцага цол хүртэж байсан түүхтэй байдаг.

Энэ жилийн баяр наадмаар мөн олон бөх шинээр улсын цолны босго давж магадгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top