Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын Мэйходо ХХК-ийн захирал Су Кин (Su Qing) өөрийн хувийн цуглуулгаас Япон улсын үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”- ийн 40 метр урттай хуулбарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд гардуулан өглөө.
Энэхүү хуйлмал бичиг нь 1274, 1281 онд Юань гүрний Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгагийн захиалгаар зуруулан бүтээсэн түүхэн эх сурвалж бөгөөд 13-р зууны үеийн Монгол–Японы харилцаа, цэрэг зэр зэвсгийн түүх, тухайн үеийн нийгэм, соёлыг судлахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм.

Тус бүтээлийг Хархорум музейн сан хөмрөгт хадгалан хамгаалж, эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Хархорум музейн захирал Т.Баяраад албан ёсоор хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )