Жанет Жексон: Би хамаг нууцаа түүнд ярьж, тэр надад хэдийд ч итгэж болохоо мэддэг байлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

 

Попын хаан Майкл Жексоны гэр бүл ирэх 10 дугаар сард "Micheal Forever" шинэ концертыг хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. 10 дугаар сарыг сонгосон нь Майклыг эмчилж байсан, бас түүний амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эмчийг шүүх ажиллагаа Лос-Анжелест болохтой холбоотой аж. "Michael Forever" /"Майкл үүрд мөнх"/ шоуг Английн Кардиф хотод зохион байгуулж, дэлхийн 30 улсад шууд дамжуулан үзүүлэх юм. Концертод дэлхийн агуу уран бүтээлчид оролцоно гэж зохион байгуулагч Крис Хант сайтдаа мэдээлжээ. Тэрбээр ингэж мэдэгдэхдээ уран бүтээлчдийн нэрсийг наймдугаар сарын 3-нд Лондонд хэвлэлийн бага хурал болох хүртэл нууцлах аж. Ийм концерт болох гэж байгаа учир "Америкийн дуу хоолой"-н сэтгүүлч Майкл Жексоны дүү, дуучин Жанет ахыгаа дурсан санасаар байгаа тухай, түүний бичсэн "Жинхэнэ чи: өөрийгөө олж, хайрлах нь" дурсамжийн номын тухай хийсэн ярилцлагыг уншигч танд сонирхуулъя.

Алдарт Жексоны гэр бүлийн есөн хүүхдийн хамгийн бага нь болох Жанет Жексон тавдугаар сарын 16-нд 45 нас хүрсэн байна. Төрсөн өдрийнхөө өмнө хийсэн аялан тоглолтынхоо хүрээнд дуучин шинэ номоо уншигчдад танилцуулжээ. Майкл Жексоны дүү хэзээний илүүдэл жингийн асуудалтай байдаг нэгэн. Гэхдээ Жанет сурч, өөрийгөө боловсруулахад хэзээ ч оройтохгүй гээд ном бичжээ. Тэрбээр дурсамжаараа өөрт нь тохиолдсон шиг асуудлууд тулгарсан хүмүүст тус болох, туршлагаасаа хуваалцах зорилго тавьсан байна. Жанет хүүхэд ахуй цагийнхаа тухай, хоол хүнсний талаар юу боддогоо, сахилга батын тухай, амьдралд тохиолдох таагүй зүйлийг хэрхэн даван туулах, өөртөө итгэх итгэлтэй болох тухай номондоо бичжээ. Мөн тэрбээр зөвхөн өөрийнхөө тухай төдийгүй, гэр бүл, найз нөхөд болон жаргал зовлонг нь хуваалцдаг шүтэн  бишрэгчдийнхээ тухай бичсэн байна.

Мөн хүн бүрт айдас, түгшүүр, эргэлзээ байдаг, тэдгээрээ бусдаас нуудаг, хүнд байдлаас яаж гарахаа мэдэхгүй байх тохиолдол гардгийг хүмүүст ойлгуулахыг хичээжээ. Жанет өөрийн болон бусдын туршлагаас жишээ татан аливаа асуудлыг даван туулах арга зам байдгийг, өөртөө сэтгэл хангалуун байж болдгийг харуулсан байна.

-Та номондоо "Би толинд өөрийгөө хараад үзэн яддаг байсан. Өөрийгөө муухай гэж боддог учраас толгойгоороо хана мөргөдөг байсан" гэжээ. Энэ үнэн үү?

-Үнэн, нэг удаа би хана мөргөсөн, гэхдээ энэ бол бас миний сэтгэлийг илэрхийлэх зүйрлэл юм. Би өөрийгөө маш муухай, үзэн ядмаар гэж боддог байлаа. Ингээд бодохоор надад их хэцүү байсан. Би сэтгэл санаагаар унасан байсан болохоор амьдралын сайн сайхныг мэдэрдэггүй байж.

-Хэзээнээс ийм байдалд орсон бэ?

-Миний санаж байгаа тэр үеэс. Харин одоо би 20 настай, миний цомог хит-парадыг тэргүүлж байсан үеийг бодвол хамаагүй өөдрөг болсон. Хүмүүс намайг хараад их аз жаргалтай байдаг гэж боддог байх. Тэгвэл огт эсрэгээр, би гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус байсан болохоор бүр ч хэцүү байсан шүү.

-Майкл чиний дургүйг  хүргэдэг байсан гэдэг?

-Тийм шүү. Гэсэн ч би тоогоогүй дүр эсгээд өнгөрдөг байсан. Үнэндээ дотроо их шаналдаг байлаа.

-Гэсэн ч та номоо Майклд зориулжээ. Яагаад вэ?

-Хэдийгээр найман насны зөрүүтэй ч Майкл бид хоёр ойр дотно байсан. Би хамаг нууцаа түүнд ярьж, тэр надад хэдийд ч итгэж болохоо мэддэг байлаа. Түүнийг том болоод олон асуудалтай тулгарахад би бага байсан шигээ л түүнтэй бодол санаагаа хуваалцдаг байсан.

-Та номондоо: "Би ахыгаа алдахыг, эцгээ алдсан түүний /Майклыг/ хүүхдүүдийн шаналлыг, хүүгээ алдсан эцэг, эхийнхээ тэр шаналлыг дүрслэн бичиж чадахгүй. "Ингээд боллоо" киног би үзээгүй байгаа. Түүний тоглосон кино, дуулсан дууг үзэж, бас сонсохоос зүрхшээж л явна. Ахынхаа дуу хоолой, гайхалтай бүжгийн сайхныг дахин мэдрэх өдөр ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэр өдөр хараахан болоогүй байна. Би Майклыг байхгүй болсон гэдэгт итгэхгүй байна" гэж бичжээ. Харин энэ мөрийг бичсэнээс хойш ямар нэг зүйл өөрчлөгдсөн болов уу?

-Урагш ахиж дэвших цаг ирдэг. Ийм алхам хийхэд надад маш хүнд байсан ч би хийсэн. Түүний дүрс бичлэгийг тавиад уйлах шөнө байхад, инээж баярлах цаг ч байлаа. Би Майклыг өдөр бүр дурсан санадаг.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top