Т.Уянга, Н.Эрдэнэбаатар нар Азийн наадмын таеквондогийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байна

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын таеквондогийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Олон улсын шүүгч Т.Уянга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар ажиллаж байна.

Олон улсын шүүгч Т.Уянга нь өмнө нь таеквондогийн тамирчнаар хичээллэж байсан бөгөөд 1997 оны Пусаны Зүүн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байжээ. Тэрбээр 2022 онд Олон улсын шүүгчийн болзлыг хангаж, шүүгчийн замналаа үргэлжлүүлсэн байна.

Харин Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар 1994 онд буюу найман настайгаасаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлжээ.

Тэрбээр 1998 оноос олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа түрүүлсэн амжилттай. Мөн 2007, 2009, 2011 оны ДАШТ болон 2008, 2010 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчны хувиар оролцож байжээ.

Н.Эрдэнэбаатар 2009 оны Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2013 оноос Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top