ББСБ, зээлийн аппликейшны хүүг БУУРУУЛАХААР иргэд саналаа өгч байна

Б.Цог | Zindaa.mn
40 минутын өмнө

Монгол Улсын иргэд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон цахим аппликейшнээр зээл авах нь нэмэгдэж байна. Гэвч өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөр, богино хугацаатай төлөлтийн нөхцөл зэрэг нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх, олон жижиг зээлд давхар орох эрсдэлийг бий болгож байна.

Иймд иргэн Б.Даваасүрэн иргэдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн бодит өртгийг бууруулах, зээлдэгчийг үндсэн өрөө бодитоор төлж дуусгах боломжтой болгох зорилгоор  өргөдөл гаргаж, дараах саналыг холбогдох хууль, журамд тусган хэрэгжүүлэхийг хүссэн байна. Үүнд:

1. ББСБ болон цахим апп зээлийн хүү, шимтгэлд зохистой дээд хязгаар тогтоож, үе шаттайгаар бууруулах;

2. Идэвхтэй зээлээ хугацаанд нь төлж байгаа иргэнд тодорхой нөхцөлөөр үндсэн зээлийн төлөлтийг түлхүү хийх боломж олгох;

3. Үндсэн зээлийн үлдэгдэл буурах бүрд түүнд үндэслэн хүүг дахин тооцож, төлөгдсөн үндсэн төлбөрт ирээдүйн хүүг давхар тооцохгүй байх;

4. Зээлээ хугацаанаас өмнө хэсэгчлэн болон бүрэн төлсөн тохиолдолд ирээдүйд тооцогдох хүүг бууруулах, хүүгийн хэмнэлтийг зээлдэгчид бодитоор хүртээх;

5. Зээл сунгах, дахин зээл олгох үед нэмэлт хүү, шимтгэлээр өрийг хэт өсгөхийг хязгаарлах;

6. Аппликейшнээр зээл олгох үед зээлдэгчид үндсэн зээл, хүү, бүх шимтгэл, хугацаа, нийт төлөх дүнг ойлгомжтой хэлбэрээр урьдчилан мэдээлдэг байх;

7. Түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон боловч зээлээ төлөх боломжтой иргэдэд зээлийг дахин хуваарьлах, үндсэн төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжийг нэмэгдүүлэх;

8. Олон ББСБ болон апп-аас зэрэг зээл авах замаар иргэн хэт өрөнд орохоос сэргийлэх зохицуулалтыг сайжруулах;

9. Цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл ашиглалт, өр барагдуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед иргэний банкны дансыг бүрэн хаах, ашиглах боломжгүй болгох явдлыг хязгаарлах саналыг тус тус гаргажээ.

Хэрвээ та дээрх саналыг дэмжиж байвал ЭНД ДАРЖ ГАРЫН ҮСГЭЭ ЗУРАХ боломжтой бөгөөд 100,000 иргэн уг хуулийн төсөл санаачлах саналыг дэмжиж, гарын үсэг зурвал Улсын Их Хурал уг асуудлыг албан ёсоор авч хэлэлцэх юм.

Энд сануулахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсад 70 гаруй зээлийн аппликейшн идэвхтэй ажиллаж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй 30 орчим жижиг аппликейшн иргэдэд зээл олгож байна. Эдгээр аппликейшн нь нийт 1,7 сая зээлдэгчтэй. Харин Банк бус санхүүгийн байгууллагын хувьд албан ёсны бүртгэлтэй 578 байгууллага үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор 3,2 сая гаруй зээлдэгчтэй гэдэг тоон мэдээлэл байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top