ГССҮТ-ийн спортын гэмтлийн төвийн эмч олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад долоон бүтээл танилцууллаа

О.Должин | Zindaa.mn
35 минутын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Спортын гэмтлийн төвийн их эмч О.Амгаланхүү энэ оны 8, 9 дүгээр сард Япон улсын Саппоро хотод зохион байгуулагдсан “Japan Sports Orthopaedic Association 2026” (JSOA 2026) болон БНСУ-ын Инчон хотод болсон “APKAS 2026 Korea & ICKAS 2026” зэрэг олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож спортын гэмтэл, үений дурангийн мэс заслын чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа танилцууллаа.

APKASS (Asia-Pacific Knee, Arthroscopy, Arthroplasty, Shoulder and Sports Medicine Society) нь өвдөг, үений дуран, үе солих мэс засал, мөр болон спортын анагаах ухааны чиглэлээр Ази–Номхон далайн бүсийн эмч, судлаачдыг нэгтгэдэг олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг юм.

Тус нийгэмлэг нь эмнэлзүйн болон шинжлэх ухааны мэдлэг солилцох, боловсрол, судалгааг хөгжүүлэх олон улсын мэргэжлийн платформ болдог аж.

2026 оны хурлыг БНСУ-ын Артроскопийн Нийгэмлэгийн олон улсын хурал (ICKAS 2026)-тай хамтатган зохион байгуулж, Ази–Номхон далайн бүсээс гадна Европ, Америк болон бусад орны спортын ортопед, үе дурангийн мэс заслын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсон өргөн хүрээний эрдэм шинжилгээний хөтөлбөр болгон хэрэгжүүлжээ.

Тиймээс хуралд ирүүлсэн судалгааны хураангуйг шинжлэх ухаан, эмнэлзүйн ач холбогдол, шинэлэг байдал, объектив үр дүн зэрэг шалгуураар үнэлэн сонгон шалгаруулсан аж.  

Хурлын үеэр ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн их эмч О.Амгаланхүү болон хамт олны туурвисан 2 аман илтгэл, 2 цахим постер (e-poster) танилцуулж, өвдөгний урд чагтан холбоосыг сэргээх мэс засал, шагайн архаг гадна тогтворгүй байдлын дурангийн болон нээлттэй мэс заслын үр дүн, Монгол Улсын шагай, тавхайн холбоосны гэмтлийн тархвар зүй, улирлын хандлагын судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байна.

JSOA (Japan Sports Orthopaedic Association) нь Японы спортын ортопед, өвдөг, үе дурангийн мэс засал болон спортын анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн нийгэмлэгүүдийн уламжлалыг нэгтгэн 2023 онд байгуулагдсан бөгөөд Японы спортын ортопедийн тэргүүлэх академик нийгэмлэг болон хөгжиж буй юм.

Иймд 2026 оны хурлыг “Explore Frontiers of Orthopaedic Sports Medicine” уриан дор тус улсын Саппоро хотод гурван өдрийн турш зохион байгуулж, Япон болон олон улсын судлаач, мэс засалчид спортын ортопедийн орчин үеийн судалгаа, мэс заслын шинэ арга техник, үе хадгалах эмчилгээ, спортод эргэн орох менежмент зэрэг чиглэлээр судалгаа, туршлагаа солилцсон байна.

ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн их эмч О.Амгаланхүү JSOA 2026 хурлын эрдэм шинжилгээний хөтөлбөрт гурван аман илтгэл хэлэлцүүлснээр дээрх хоёр олон улсын хурлын хүрээнд нийт 5 аман илтгэл, 2 цахим постер буюу эрдэм шинжилгээний долоон бүтээл танилцуулжээ.

Монгол Улсад хийгдсэн эмнэлзүйн судалгааны үр дүнг ийм түвшний олон улсын мэргэжлийн эрдэм шинжилгээний хурлуудад танилцуулж, олон улсын судлаач, мэс засалчидтай хэлэлцүүлэх нь нотолгоонд суурилсан спортын анагаах ухаан, үений дурангийн мэс заслыг эх орондоо хөгжүүлэх, үндэсний судалгааны үр дүнг олон улсын шинжлэх ухааны эргэлтэд оруулах, цаашдын судалгаа болон мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top